Д.Ариунтуяа: Есөн сая ам.долларын санхүүжилтээр 4 төсөл хэрэгжүүлнэ

2019 оны 04 сарын 23

Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-26-ны өнрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү  арга хэмжээнд 14 орны 130 гаруй  төлөөлөгч оролцож байна.

Даян дэлхийн байгаль орчны сан /ДДБОС/ нь хөгжиж буй орнуудад байгаль орчны салбарт төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох замаар дэлхий нийтийн хэмжээнд хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт тогтвортой амьжиргааг бий болгох зорилго бүхий бие даасан санхүүгийн байгууллага юм.

Ингэхдээ НҮБ-ын суурь конвенцууд болох Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулан ажилладаг төдийгүй удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, мөнгөн усны Минаматагийн конвенцуудын хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн туслалцаа үзүүлдэг байна.

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа:

-Өнөөдөр олон улсын хэмжээнд байгаль орчны өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн механизмыг шийдвэрлэх Даян дэлхийн байгаль орчны сангийн уулзалт болж байна. Манай улсад оногдсон есөн сая ам.долларын хүрээнд одоогоор дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлсон байгаа. Засгийн газрын зүгээс Монгол Улсын байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, алс ирээдүйд үр дүнтэй, өндөр ач холбогдолтой гэсэн төслүүдийг хэрэгжүүлэх юм. Одоогоор манай улсад оногдсон есөн сая ам.доллараас дөрвөн саяын өртгөөр бүтэх нэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид сайн төсөл хэрэгжүүлж, бүс нутгийн хэмжээнд болон олон улсад хувь нэмэр оруулах тусам нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр татах боломжтой юм. Үүнд манай яамны зүгээс маш баяртай байгаа.

Даян дэлхийн байгаль орчны сангийн Нарийн бичгийн дарга нарын Стратеги болон үйл ажиллагааны газрын хэлтсийн дарга Прансэйс Клоут /Francoise Clottes/:

Монгол Улсад анх удаа ирж байна. Франц улсаас гурав дахин том нутаг дэвсгэртэй энэ өргөн уудам газар нутгийн иргэд өнөөдөр тусгаар тогтносон улс үндэстэн байна гэдгээр бахархахгүй байхын аргагүй юм. Сайхан сэтгэгдэл төрлөө. Мөн өнөөдрийн хурлаар дэлхийн 14 орны төлөөлөгч уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа баяртай байна. Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн цаашид үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр олон улсын өмнө тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлыг хэлэлцэж байгаа ч Монгол орны хувьд бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүнгээ өгөх маш өндөр боломжтой юм.

Тус сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож салбар дундын зохицуулалттай арга хэмжээг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, нутгийн иргэдийн ололт амжилтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж буй юм.

Монгол Улсын хувьд тус санд 1994 онд нэгдэн орсноос хойш олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин энэ удаагийн 7 дугаар санхүүжилтийн циклийн хүрээний төслүүдийн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тодорхойлоод байна.

 

Энэ удаагийн Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хурлаар 2018-2021 онуудад хэрэгжих 7 дугаар санхүүжилтийн хүрээнд тус сангаас баримталж буй бодлого, олон улсын байгаль орчны тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд улс орнуудын анхаарах стратеги болон үйл ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэн талууд нэгдсэн шийдэлд хүрэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top