Засгийн газрын өр 2.9 тэрбум ам.доллар байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Засгийн газраас өрийн стратеги боловсруулан ажиллахаар болжээ. Засгийн газрын зүгээс өрийг бууруулах үүднээс өрийн дарамт учруулж байгаа барих, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй байх бодлого баримталж ажиллахаар болжээ.

Монгол Улсын Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ий 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улс 2019, 2020 онд төлөх томоохон өр байхгүй ч гэсэн 2021 оноос төлбөрийн хугацаанууд эхэлж байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Их хуралдай” бондын 800 сая ам.доллар гээд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Эдгээрийг төлөхдөө эдийн засагт дарамт учруулахгүй байхаар төлөх стратегийг боловсруулж байгаа. Аливаа зээлийг авахдаа эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцож байж авах учиртай.  

Өнөөгийн байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Тиймээс Засгийн газраас үнэт цаас гаргах шаардлагагүй байгаа” гэж тайлбарлав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top