“Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

2019 оны 04 сарын 24

Өнөөдөр /2019.04.24/ “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ”-ийг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тодотгов.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэд ажилладаг 30 шахам төрийн бус байгууллага нэгдэж энэхүү “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулжээ. Байгуулагдсан даруйдаа Төрийн ордноо анхдугаар хурлаа зохион байгуулж, тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгож томилсон юм. Уг байгууллагын эрхэм зорилгыг “Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэхэд оршино” хэмээн тодорхойлж, нийгэм, ирээдүй хойч үедээ чиглэсэн ажил, үйлчилгээгээ ийнхүү эхлүүлээд байгаа юм.

Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох хүндтэй үүргийг ухамсарт амьдралынхаа зорилго болгосон ахмад хилчид, харь оронд дайн самууны хүнд нөхцөлд төр улсынхаа даалгаврын биелүүлэн энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн дайчид, хүн ардынхаа амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан үүргээ үнэнчээр биелүүлсэн онцгой байдал, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын асар их хүчийг ард түмэн болоод ирээдүй хойч, залуу үеийнхэндээ эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхээр “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ажилласаар байна.

“ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ” хэлэлцүүлгийг Удирдлагын академ, ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Шинжлэх ухааны сургууль, Монголын дипломатын Академи зэрэг олон байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top