Зөвшөөрөлтэй авто зогсоол И-баримт олгох үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Хотын иргэдэд нэн тулгамдсан асуудлуудаас замын түгжрэлийн дараагаар орох бодит асуудал бол авто зогсоол. Өглөө машинаа унаад гардаг ч зогсоолгүйгээс хүүхдээ хичээлээс нь хоцроох, өөрөө ажлаасаа хоцрох наад захын асуудал. Цаашилбал, хүнс, ахуйгаа цуглуулах гэсэн ээжүүд зах, дэлгүүрээр тайван явж чаддаггүй, үзвэр үйлчилгээ үзэх гэж Соёлын төв, Бөхийн өргөөг хэдэнтээ тойрдог нь бодит үнэн. Түгжирч, түгжирч ирчихээд зогсоол хайхад 20-30 минутыг зарцуулна. Албан байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүд гаднаа зогсоолтой ч бүртгэлтэй машинаа л оруулна, эсвэл төлбөр төлөхийг шаарддаг.  Ямар сайндаа л “Аятайхан зогсоол байхаар нь орж 10 минут зогсож байгаад гарч ирлээ” гэх явган шог гарах вэ дээ. НЗДТГ-ын өгсөн мэдээллээр зогсоолын хүрэлцээг автомашины өсөлттэй уялдуулан нэмэх боломжгүй. Тиймээс үнийн зохицуулалт хийх шаардлагатай гэв. Зогсоол олддоггүйгээс иргэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй авто зогсоолуудад цагийн 500-1000 төгрөг төлж машинаа байрлуулдаг. Хэрвээ 30 минутаас дээш хэтэрвэл бүтэн цагийн мөнгө төлдөг. Энэ асуудлаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.


УЛААНБААТАР ХОТОД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГТЭЙ ТЭНЦЭХ АВТОМАШИН БИЙ
 

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр автомашины тоо жилд 16 хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 540 мянга давжээ. Энэ тоо цаашид ч нэмэгдсээр байх биз. Эндээс амьдардаг хүн амынхаа талтай тэнцэх авто машинтай хот зогсоолын асуудлаа шийдвэрлэхгүйгээр бусад асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэж харагдаж байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлд 45 төлбөртэй ил зогсоол үйл ажиллагаа явуулж байна. Мөн уулзвар бүрт болон албан байгууллага бүр ил зогсоолтой байх шаардлагыг Нийслэлээс тавьж байгаа ч эрэлтийг хангахуйц хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Чухамдаа энэ л шалтгаан зөвшөөрөлгүй зогсоолууд хэдэн арваараа бий болох гол хөшүүрэг болж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2019 онд дөрвөн иргэн, 41 аж ахуйн нэгж байгууллагатай автомашины төлбөртэй зогсоолын албан ёсны гэрээ байгуулжээ. Хотын зургаан дүүрэгт дөрвөн байршилд нийт 1209 тээврийн хэрэгслийн багтаамжтай төлбөртэй зогсоол зөвшөөрөл авсан байна.

 

АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗОГСООЛУУД
 

  • Баянгол дүүрэг - 10 байршилд 386 автомашин,
  • Чингэлтэй дүүрэг - 13 байршилд 371 автомашин,
  • Сонгинохайрхан - найман байршилд 204 автомашин,
  • Сүхбаатар - 11 байршилд 194 автомашин,
  • Хан-Уул дүүрэг - хоёр байршилд 28 автомашин,
  • Баянзүрх дүүрэг - нэг байршилд 26 автомашин

Зөвшөөрөлтэй зогсоолоос авсан төлбөрийн орлогын 60 хувь нь Нийслэлийн замын санд төвлөрдөг бол 40 хувь нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулагддаг байна. Нийслэлийн хэмжээнд 2016 онд зөвшөөрөлтэй 11 зогсоолоос Авто замын санд 145 сая төгрөг төвлөрсөн бол 2018 онд 375 сая төгрөг төвлөрсөн байна. Нийслэлээс автомашины зогсоолын тоог нэмэгдүүлэх боломжгүй гэсэн учир автомашины тоог цөөрүүлэх, зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах болжээ.


СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ТАЛЫН 200 АВТОМАШИНЫ
ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

 

Нийслэлд анх 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж, Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөртэй зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарсан байдаг. Албан ёсны зөвшөөрөлтэй зогсоолын төлбөрийн тухайд албан байгууллагын өмнөх зогсоол 0-30 минутад төлбөргүй, 31-60 минут 1000 төгрөг, эмнэлэгийн зогсоолын талбайн эхний цаг төлбөргүй, хоёр дахь цагаас 500-900 төгрөг, төвлөрсөн зах, худалдааны төвийн зогсоолын 31-60 минут 500 төгрөг хоёр дахь цагаас 1000 төгрөг байхаар заажээ. Зөвшөөрөлтэй 45 зогсоолыг судалж үзэхэд, Нийслэлийн “Өргөө” амаржих газар, ГССҮТ, Клиникийн III эмнэлгээс бусад төлбөр авдаг эмнэлгүүдийн зогсоол зөвшөөрөлгүй, Хархорин зах, Дэм, Бөмбөгөр худалдааны төв, Гранд плаза, Гурван гал, Ханбүргэдэй, Метромолл их дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүдийн зогсоол зөвшөөрөлгүй, Тэнгис кино театр, МҮЭСТ-оос бусад үйлчилгээний төвүүдийн зогсоол ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Цагийн 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан Сүхбаатарын талбайн урд талын 200 авто зогсоолын зөвшөөрлийг өчигдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цуцалсан билээ. Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гарсан. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан ч сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй аж. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч түрээслэгч болох “Юү Би Констракшн”-аас нэг ч төгрөг хотод төлөөгүй байна.

Энэ мэт нийслэлд ямар ч ашиггүй, иргэдийн халаасанд гараа дүрсэн 64 авто зогсоол ажиллаж буй. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийг нийслэлийн Газрын алба болон мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад сануулахаас эхлээд зөрчлийн шийтгэл ногдуулж ажиллажээ. Гэхдээ нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газрын ажилтнуудад улсын байцаагчийн эрх байдаггүй учраас арга хэмжээ авахад хүндрэлтэй байдаг тухай Нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Жолооч нар зөвшөөрөлтэй 45 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй бөгөөд зөрчилтэй байвал Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 11-325385 дугаарын утсанд мэдээлэх боломжтой. 2019 он гарсаар Нийс­лэ­лийн авто замын хөгжлийн газраас НМХГ-т “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 15 байршилд шалгалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлжээ. Үүний дагуу хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 26-ны өдөр эхлүүлж, зөвшөөрөлгүй авто зогсоолын үйлчилгээ эрхэлсэн хоёр байгууллагад  торгуулийн арга хэмжээ авсан байна. Зөвшөөрөлгүй ямар нэгэн байдлаар нийтийн эзэмшлийн газрыг ашигласан тохиолдолд иргэнийг 500 мянга, аж ахуй нэгжийг таван сая төгрөгөөр торгох заалт бий.


ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗОГСООЛООС И-БАРИМТАА АВААРАЙ
 

Нийслэлийн ИТХ-ын тогтоолын заалт ёсоор иргэд болон аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаснаар төлбөртэй зогсоолын зөвшөөрөл авдаг. Хүсэлтэд зам талбай нь асфальтсан байх, хаалт тэмдэглэгээ, камерын хяналттай, явган зорчигчдын гарц гаргалгаатай байх гээд стандартын шаардлагад нийцсэн төлөвлөлт, байгууламжийг барьж босгох хөрөнгийн тооцоо зэргийг хавсаргасан байх ёстой. Энэ нь хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжид адилхан хамаарна. Тухайн газар нь аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай бол өөрсдөө тохижилт, стандартын шаардлагад нийцүүлж энэ бүхнийг хийдэг аж. Нийтийн эзэмшлийн газар байвал нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газар хариуцаж, зөвшөөрлийг олгохоос гадна бүтээн байгуулалтад нь хяналт тавьж гэрээ хийдэг байна. Зөвшөөрөлтэй авто зогсоолд төлбөртэй гэсэн таних тэмдэг, анхааруулга болон  тухайн байгууллагын таних тэмдгийг байрлуулах, И-баримт олгох зэрэг ажлыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Мөн өнгөрсөн жилүүдэд авто зогсоолд жилдээ нэгээс хоёр удаа шалгалт хийдэг байсан бол улирал тутамд хийхээр болжээ.  Хэрвээ хууль бус төлбөртэй зогсоол ажиллуулж буй иргэн, аж ахуйн нэгж удаа дараа мэдэгдэх хуудас авч, торгуулийн арга хэмжээ авахуулсан бол дараагийн шатны арга хэмжээ буюу зөвшөөрлийг нь цуцлах болно хэмээн Авто тээврийн хөгжлийн газраас мэдэгдээд байна. Мөн иргэд, жолооч нар төлбөртэй авто зогсоолын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй авто зогсоолтой эвлэрэхгүй байх нь энэ төрлийн бизнес цэцэглэхгүй байх гол үзүүлэлт юм.

 

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ЖАГСААЛТ

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

♦ Баянгол дүүргийн 2-р хороо, МҮЭ-ийн соёлын төв ордны хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газрын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 7-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 4-р хороо, “Ханбүргэдэй” ХХК-ийн зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2 газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 5-р хороо, III эмнэлгийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 13-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө SOLO MALL худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол “Гранд Плаза” цогцолборын хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн Хуу­лийн гудамж-24 “Рокмон Бюлдинг” оффис төвийн хойд талын өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол 2-р хороо, Нарны зам өргөн чөлөө, Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын арын талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Баянгол 1-р хороо, 2 дугаар хороолол Хатан­баатар Магсаржавын гудамж Аллерги мед эмнэлгийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

♦ Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 3 яамны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай орчимд  нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхгийн талбайн орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 4-р хороо, ЧД-н ЗДТГ-ын байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 4-р хороо,  Барилгач­дын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Ж.Самбуу­гийн гудамж 19/2 тоот байрлалтай  “Галхувь” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам тал­байд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 4-р хороо,Самбуугийн гудамж 1/3 нутаг дэвсгэр байрлах “Эс Деве­ломент” ХХК-ийн өөрийн эзэмшлийн зам тал­байд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, баруун 4 зам “Элба төв” өөрийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ

♦ Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын урд талын нийтийн эзэмш­лийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төвийн зүүн талын “Улаанбаатар хотын банк” ХХК-ний эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гурван гал худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж, “НИК” ХХК-ийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төвийн хашаан доторх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж “Модерн Номадс” рестораны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж 100 айл, БСБ суперстор баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягт байрлах өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Сүхбаатарын гудамж, “Метромолл” Их дэлгүүрийн баруун болон урд талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 6-р хороо, BD`s, Салм паб, Модерн Номадс-1 ресторануудын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

♦ Баянзүрх дүүргийн 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө БЗД-ийн ЗДТГ-ын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

♦ Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Москвагийн гудамж 43Б байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, СХД-ийн ЗДТГ-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр хороолол, Саппоро үйлчилгээний төвийн зүүн болон урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Москва хороолол 18070, Москва гудамж 157 тоот “Гар утас худалдаа” төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Москвагийн гудамж “Хонконг” зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо,  Хархорин захын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд  тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,   Автотээврийн төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москвагийн гудамж 125 тоот “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

♦ Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

♦ Хан-Уул 1-р хороо, 120 мянгат үйлчил­гээний төв “Жэтро” супермаркетын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбай

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(156.0.212.8) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top