БНХАУ-ын Си Ань хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын багийн гурав дахь медалийг авлаа.
Г.Ганхуяг 1/8 шигшээд Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөр ялагдсан.
Өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул дагах барилдаанд гарлаа. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр давсан.
Хүрэл медалийн төлөөх 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр яллаа.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргаас нэг мөнгө (Ө.Батзул), хоёр хүрэл медаль (Б.Отгонбаяр, Г.Ганхуяг) хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )