82 орныг нэгтгэсэн Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ сонгогдлоо

2019 оны 04 сарын 25

Дэлхийн эдийн засаг угтах жилүүдэд илүү тогтвортой, бүтээмжтэй байхад тэргүүлэгч гүрнүүдийн санал санаачилга ус агаар шиг хэрэгцээтэй байгааг нөхцөл байдал баталгаажуулж буй  билээ. Тэрчлэн баялгийн, хөрөнгийн хэт төвлөрлийг задалж, бусад эдийн засгуудад хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх гарц болон харагдаж буй “Бүс ба Зам” санаачилгад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгдэн оржээ. Улмаар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг  олон улсын байгууллагуудын баримт бичигт тусган оруулаад байна. Тэгвэл дэлхийн олон улс орныг нэгтгээд буй уг төсөлд манай Монгол Улс өөрийн оролцоотой, эзлэх байр суурьтай явааг тодотгох нь зөв биз ээ.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор очоод буй. Тэгвэл уг дээд түвшний уулзалтын хүрээнд хэд хэдэн форум болж буйн нэг нь “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ /Belt and Road News Network/ Олон улсын байгууллагын арга хэмжээ юм. Өнгөрсөн жилүүдэд уг санаачилгын хүрээнд эдийн засаг, боловсрол, соёл гэхчлэн олон чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа нэг хэсэг нь аж.

Санаачилгад нэгдсэн дэлхийн улс орнууд өнгөрсөн таван жилд  мэдээллийн форумуудыг амжилттай зохион байгуулсан туршлага болон харилцан ойлголцол, хүндэтгэлийн үр дүнд 82 улс орон нэгдэн орсон  “Бүс ба зам” Мэдээллийн  сүлжээ  /Belt and Road News Network/ Олон улсын байгууллага байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, баталгаажуулсан арга хэмжээ гэдгийг тодотгоё. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааны дүрэм журам, барих зарчмаа бүрэн тогтож, Удирдах зөвлөлийн гишүүддээ үнэмлэхийг нь гардуулж, мэдээллийн сүлжээний оролцогчдыг нэг цэгт уулзуулах албан ёсны веб сайтыг нээжээ.

Тэрчлэн  82 улс орноос 25 нь л “Бүс ба зам” Мэдээллийн  сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд орсны нэг нь манай Монгол Улс болохыг дуулгахад таатай байна. Тодруулбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ дэлхийн улс орнуудын мэдээллийн "акул"-уудтай зуузай холбон Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож байна. 82 улс орныг эгнээндээ нэгтгэсэн “Бүс ба зам” Мэдээллийн  сүлжээ Олон улсын байгууллагыг байгуулахын тулд оролцогч бүх л улс орнууд руу ажиллах дүрмээ, зарчмаа, бүтэц зохион байгуулалт зэргээ явуулж, саналуудыг нь тусгасны үндсэн дээр хамтын ажиллагааны байгууллагыг албан ёсоор байгуулжээ. “Бүс ба зам” санаачилгын автор нь БНХАУ гэдэг утгаараа тус улсын  People's Daily сонин тус Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч нь боловч, эрх барих дээд байгууллага нь Council Member  буюу Удирдах зөвлөл аж. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шийдвэр гаргах түвшинд багтсан нь таатай хэрэг юм. Энэ тухай лавшруулан өгүүлэхээсээ өмнө, “Бүс ба Зам” санаачилгын талаар нэмж хэлэх хэдэн зүйл байна.



“БҮС БА ЗАМ” УРАГШИЛСААР... 
 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилга болох “Бүс ба Зам” нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхийн хэмжээний том төсөл болон урагшилж буйг эхэнд өгүүлсэн. Энэ санаачилга дэлхий дахинд нөлөөллөө тэлж буйтай зэрэгцэн БНХАУ-ын геополитикийн багаж хэрэгсэл гэж үзэх хандлага бас дагаж буй. Тэгвэл “Бүс ба Зам”-ыг дагасан тоо баримтуудаас харахад 2013 - 2018 онд БНХАУ болон Бүс ба зам дагуух улс орнуудын худалдааны нийт эргэлт 6 их наяд ам.доллараас давж, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.доллар давжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1 хувиар нэмэгдүүлжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамарсан “6 коридор, 6 зам, Олон улс олон боомт ” гэдэг олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад-Европын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил” зэрэг бүтээн байгуулалтууд тодорхой үр дүнд хүрсэн байна. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад нийт 240 мянган шинэ ажлын байр, 2 тэрбум ам.долларын татварын орлогыг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс нэг зам” санаачилга нь шинэ эриний урсгалыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг  шинэ хөдөлгөх хүчээр хангаж эдгээр улс орнуудад хөгжлийн шинэ тавцанг байгуулж өгсөн гэж болохоор байна” гэсэн байна лээ.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин  "БНХАУ-ын төрийн тэргүүний санаачилсан төсөл амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй" байгаагаа илэрхийлсэн байдаг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч “Бүс ба Зам”-ыг дэмжсэн байр суурийг илэрхийлж буй юм. Антониу Маниуэль де Гутерриш хэлэхдээ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийн улс орнуудын эдийн засагт үлэмж нөлөөтэйг онцолж буй.  Товчхондоо бол энэ санаачилга дэлхийн хэмжээний төсөл болж хүчээ авсныг тодотгоё.

Бидэнтэй хил залгасан хөрш улсын санаачилга ийнхүү дэлхийг хамарч байхад энд байгаа бид уг төслийн үр шимээс хэрхэн яаж хүртэх вэ гэдэг асуулт дагаж таарна. Түүнчлэн уг санаачилгын хүрээнд байгалийн хий дамжуулах хоолойг Монголын газар нутгаар дайруулах уу, төмөр замын дэд бүтцийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэхчлэн эдийн засгийн стратегийн ач холбогдолтой олон төсөл яригдаж буй. Тэгвэл энэ бүхнийг хөрсөн дээр буулгахад, ойлголцлыг нэгтгэх чиглэлд томоохон үүргийг хэвлэл мэдээллийн салбарынхан хүлээх юм. Тиймээс  “Бүс ба Зам” Мэдээллийн  сүлжээ Олон улсын байгууллага нь ач холбогдол өндөртэй бүтэц гэдгийг хэлэх нь зөв байх.



МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН
УДИРДАХ ЗӨВЛӨЛД БАГТЛАА

 

“Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын форум дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо болж 25 улс орны хэвлэл мэдээллийн салбарын “акул”-ууд багтсан Удирдах зөвлөл  анхны уулзалтаа зохион байгууллаа. Манай улсыг төлөөлж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар хэлсэн үгэндээ Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах үзэл санааг дэмжих хүрээнд гурван улсын Хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа танилцууллаа. Энэхүү санаачилгаа тэрбээр 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн IX форумын үеэр анх зарлаж байсан юм. Түүний энэхүү санаачилгыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ-ийн Удирдах зөвлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэлийн алба, ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа. Тэгвэл  “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга ч таатай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.

Санаачлагч БНХАУ-ын тухайд “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд нэг квоттойгоор хэвлэл мэдээллийн 15 байгууллага нь багтаж буй бол бусад улс орнуудыг төлөөлөх байгууллагуудыг танилцуулъя.
 

1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /Монгол/

2. Синьхуа мэдээллийн агентлаг, China Media групп, People's Daily, Guangming Daily, Economic Daily,China Daily,Science and Technology Daily, Workers' Daily, China Youth Daily, Хятадын эмэгтэйчүүдийн мэдээ, Farmers’ Daily, Legal Daily, China News Service, China Intercontinental Press (БНХАУ) 

3. Российская газета /ОХУ/

4. “La Provence” /Франц/ 

5. “RNW Media” /Нидерланд/

6. Эмиратын мэдээллийн агентлаг /АНЭУ/ 

7. “DMG Media”  /ИБ/

8. “Казинформ” олон улсын мэдээллийн агентлаг /Казахстан/

9. “Maekyung” медиа групп  /БНСУ/

10. “Vientiane Times”  /Лаос/

11. “Notimex”  /Мексик/

12. “The Financial Express” /Бангладеш/

13. “Democracy Today” сонин /Мьянмар/

14. Этиопын мэдээллийн агентлаг /Этиоп/

15. “Jang Media Group” /Пакистан/

16. “Lusa” мэдээллийн агентлаг /Португал/

17. “Өнөөгийн Беларус” хэвлэлийн газар /Беларус/

18. “EFE” агентлаг /Испани/

19. “Independent Media” /Өмнөд Африк/

20. “Alintibaha Daily” сонин /Судан/

21. “The Guardian”  /Танзани/

22. “Al-ahram” сонин /Египет/

23. “The Jakarta Post” /Индонез/

24. Узбекистаны үндэсний мэдээллийн агентлаг /Узбекистан/

25. “Zambia Daily Mail Limited” /Замби/ улсын байгууллагууд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байна.

 

Энд багтсан төлөөллүүдийг харахад хэвлэл мэдээллийн салбарын  нөлөө бүхий агентлагууд байгаа юм. Тэгэхээр манай Монгол Улсын МСНЭ  дэлхийн улс орнуудын шилдэг агентлагуудтай ижил түвшинд эрх эдэлж, үүрэг хүлээхээр болсон гэсэн үг.

Дэлхийн хэвлэл мэдээллийн том сүлжээнд Монгол Улс нэгдэн орохдоо жирийн нэг гишүүний статусаар биш шийдвэр гаргах Удирдах зөвлөлийн түвшинд орж ажиллаж байна. Манай тухайд ийнхүү оролцоогоо бусад улс орнуудаас ахисан түвшинд хүргэхэд МСНЭ-ээс ихээхэн хичээл зүтгэл гаргасан нь эндээс ойлгогдож байна.

Тус олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар ирэх нэг жилийн хугацаанд хийх ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд байна. Энэхүү мэдээллийн сүлжээ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэчлэл, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үр дүнтэй талбар байх болно гэсэн байр суурийг үүсгэн байгуулагчийн зүгээс илэрхийлж байна.

Бүх гишүүдийн хүчин чармайлтын үр дүнд “Бүс ба зам” Мэдээллийн  сүлжээ Олон улсын байгууллага шинэчлэлийг дэмжиж, хамтдаа хөгжих боломж олгож, урт хугацааны туршид амьд, идэвхтэй хамтын ажиллагааны механизм байхаар төлөвлөж байгаа аж. "Бүс ба зам" Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын 2019-2020 хүртэлх ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу "Торгоны зам" олон улсын мэдээний шагнал бий болгож сонгон шалгаруулалтаа эхлүүлээд байна. Мөн түүнчлэн өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор сан бий болгохоор зорьж буй аж. "Бүс ба зам" Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллага нь орчин үеийн тоног төхөөрөмжид зориулан цахим платформ хөгжүүлэх аж.

Эдгээр асуудлууд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд яригдаж буй гэдгийг тодотгоё. Тэрчлэн манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд  тус улсад төрийн айлчлал хийж, 26-28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочлох юм. Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын дараагаар үргэлжлүүлэн оролцох "Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалтын арга хэмжээнд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан билээ.  Энэ онд Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны төрийн айлчлалын хүрээнд хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаарх асуудлыг хөндөн ярилцана.

Ерөн­хий­лөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 30 орчим орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагууд оролцох  “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөгөөтэй Бээжинд очоод байна. Тэгэхээр манай улсын төрийн тэргүүний анхны төрийн айлчлалын хүрээнд яригдах, шийдвэрлэгдэх хүлээлттэй байгаа олон асуудлуудыг угтан дэлхийн 82 улс орныг хамарсан хэвлэл мэдээллийн томоохон  сүлжээний Удирдах зөвлөлд Монгол Улсаа төлөөлөн МСНЭ багтаж орлоо.

Цаашлаад “Бүс ба Зам” санаачилгаас манай улс үр ашиг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагаануудад Монголын хэвлэл мэдээллийн салбар өндөр оролцоотой байх үүд хаалга нээгдээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха(202.179.27.223) 2019 оны 04 сарын 26

гол нь тэнцвэртэй мэдээлэл шүү. МАН-ыг дагаад байж болохгүй

0  |  0
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Баярнэмэх(202.126.89.129) 2019 оны 04 сарын 25

Мандахбаяр шиг хурдтай ажилладаг байгаасай Амжилт хүсье

0  |  0
болиоч(203.91.116.185) 2019 оны 04 сарын 25

яасан муухай пялдага тал зассан мэдээлэл вэ. Ичээч ээ. Ерөөсөө л улсаа, эх орноо аваачаад Бүс ба замаар баглаад ШХАБт тушаагаад Мандахбаярыгаа мандуулаад суух нь л дээ. Новшийн агуулгатай мэдээлэл байна. Цаад санаа нь хорон

0  |  0
Top