Хятадын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ үргэлжилж байна.
Тус тэмцээнд олимпийн 4, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичё оролцсон. “Токио 2020” олимпийн наадамд зодоглож, олимпийн 5 удаагийн аварга болох мөрөөдөлтэй тэрбээр шигшээ багт багтахын тулд Азийн аварга болох зорилготой ирсэн байлаа. Энэ бол түүний хувьд 2 жил 8 сарын дараа оролцож байгаа олон улсын тэмцээн нь.
Энэ жил 34 настай Ичё эхлээд Өмнөд Солонгосын Jieun UM-ийг 10:0 цэвэр ялсан ч мөргөлдөхдөө шүд нь хугарсан гэнэ.
Харин хагас шигшээд өнгөрсөн жилийн Жакартагийн Азийн наадмын аварга Хойд Солонгосын Myong Suk JONG-д 4-7 ялагдаж, Азийн 5 удаагийн аварга болох хүсэл нь биелсэнгүй. Каори Ичё өнөөдөр орой Вьетнамын бөх Thi My Trang NGUYEN-тэй хүрэл медалийн төлөө барилдана.
Myong Suk JONG эхний 30 дахь секундэд Ичёгийн хөлд орон, ард нь гарч, 2 оноо авсан. Ичё өрсөлдөгчөө дэвжээнээс гаргаж, нэг оноо хариулсан ч дахиад хөлдөө алдсаар эхний үе дуусахад 1:7 ялагдаж байлаа. Хоёрдугаар үед 3 оноо нөхсөн ч илүү зүйл хийж чадсангүй.
Барилдааны дараа Каори Ичё сэтгүүлчдэд “Юу ч хийж чадсангүй. Хүч чадлаа ч гаргаж чадсангүй. Эхний үеэс эвгүй байсан тул засах гэж оролдоод барсангүй. Хөлд сайн орох юм. Уг нь барилдааныг нь бичлэгээр үзэж судалсан байсан. Залуу хүн хурдан гэж мэдэж байсан ч тогтоож чадсангүй. Довтолгоо ч хамгаалалт ч тааруу байна. Энэ бүхэн бас нэгэн туршлага болж өглөө” гэж ярьсан байна.
Ийнхүү 2016 оны нэгдүгээр сарын Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд манай П.Орхонд унаснаас хойш анх удаагаа Каори Ичё гадаад бөхөд ялагдлаа.
Сэтгэгдэл ( 4 )
мал минь уншаад ойлгодоггүй юмуу
Вьетнам гадаад солонгос дотоод
Orhon ug ni amid domog boloh baisiin hairan huuhed bid ch azgui humuus yum da
амьд домог шүү