Дарья Белодед “Mitsubishi” компанийн элч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга, Украины жүдоч Дарья Белодед Японы “Mitsubishi” компанийн Украин дахь элчээр томилогдлоо. Энэ жил 18 нас хүрч байгаа Дарья Японд хамгийн нэр хүндтэй украин эмэгтэйгээр шалгараад байгаа. Тэрбээр тус компанийн машиныг сурталчлаад зогсохгүй Япон, Украины соёл, аялал жуулчлалын харилцааг хариуцсан төлөөлөгч болсон байна.

"Mitsubishi” компанийн Украин дахь салбарын захирал Нишино Кэйсүкэ "Ирэх жил манай улсад олимпийн наадам болно. Энэ том үйл явдлыг тохиолдуулан бид Украины спортын ертөнцөд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн. 2020 онд Токиогийн олимпод аварга болох хамгийн найдлагатай украин тамирчин хэн бэ гэсэн асуултанд Дарья Белодед гэсэн хариу хамгийн түрүүнд гарч ирэх байх. Тэр бол манай машиныг сурталчлах, төлөөлөх ёстой тамирчин” гэж хэлсэн байна.

"Mitsubishi Motors Украина" компаниас цаашдаа Украины өсвөрийн жүдог дэмжиж ажиллах бөгөөд юуны өмнө хүүхдийн нэгэн багийг хувцас, хэрэглэлээр хангасан байна.

Дарьягийн хувьд энэхүү брэндтэй холбоотой ажиллахдаа машин сурталчлахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ухуулга хийх үүрэгтэй. Дарья “Бидний хийх анхны ажил бол замын аюулгүй байдлын талаарх төсөл байгаа. Би өөрөө саяхан жолооч болсон. Тиймээс жолооч хүн өөрөөсөө гадна бусад хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг сайн ойлгож байна” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top