ТОЙМ: Азийн аварга, олимпийн эрхтэй 7 ХОНОГ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Өнгөрсөн долоо хоног спортын үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ирэх жил олимпийн наадамтай тул явагдаж байгаа бүх тэмцээн “Токио 2020”-той холбогдож байгаа билээ. Олимпийн эрхийн оноо авах, эрхээ авах, шигшээ багт багтах гээд олон өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ сар Ази тивийн өнцөг булан бүрт спортын олон төрлөөр тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тивийн аваргад амжилттай оролцож байж, ДАШТ-д өрсөлдөх шигшээ багт багтах учиртай бол ДАШТ-д өрсөлдөж байж, “Токио 2020” наадамд оролцох ёстой.


ТИВИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ТАМИРЧИН ДОЛООГООР НЭМЭГДЭВ

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ жилээс эрэгтэй, эмэгтэй боксчид тивийн аваргын тэмцээнээ хамт зохион байгуулах болсон бөгөөд манай улсаас эрэгтэй есөн, эмэгтэй есөн тамирчин оролцсон.  Гол найдвар нь 60 кг-ын жингийн Э.Цэндбаатар байсан бөгөөд тэр ч итгэлийг зүтгэлээр хариулж чадлаа. Сүүлийн үед Ази тивийн боксын гол өрсөлдөөн Узбекистан, Казахстан улсын тамирчдын дунд өрнөж байгаа. Энэ удаад ч мөн адилхан байлаа. Гэхдээ 60 кг-д манай Цэндээтэй тэд өрсөлдөж чадсангүй. Хагас шигшээд Узбекистаны Ш.Рахимов, шигшээд Казахстаны З.Сафиуллин нарыг ээлж дараалан төвөггүйхэн ялсан Э.Цэндбаатар Азийн аварга болсон Монголын 15 дахь боксчин боллоо. Харин тивийн хүрэл медальт тамирчин долоогоор нэмэгдсэн. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-ын жинд М.Намуун, +81 кг-д Э.Ундрам, эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 81 кг-ын жинд Н.Шинэбаяр нар тус бүр хүрэл медаль хүртэцгээлээ. 2017 оны Азийн аваргаас эрэгтэйчүүд гурван мөнгө, нэг хүрэл, эмэгтэй тамирчид хоёр хүрэл медаль авч байлаа.


ЧӨЛӨӨТИЙНХӨН ТИВИЙН АВАРГААС ХОЁР МӨНГӨТЭЙ ИРЛЭЭ

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-28-нд БНХАУ-ын  Шэньши мужийн төв Си-Ань хотод явагдлаа. Монголын шигшээ баг энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхөөр бүтэн баг оруулж, сүүлийн үед тивийн аваргад оролцохгүй байсан сонгомол барилдаанаар ч хоёр тамирчин илгээсэн юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн АШТ-д нийт хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль авсан. Шигшээ барилдаанд Ө.Батзул ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж, 4:7-гоор ялагдлаа. Уг нь оноогоор тэргүүлж явсан ч хоёрдугаар үед туршлагын ялгаа гарч, тун харамсалтай ялагдсан. Эрэгтэйчүүдээс 74 кг-д Б.Отгонбаяр, 86 кг-ын жинд Г.Ганхуяг нар хүрэл медаль авцгаасан. “Токио 2020” наадмын найдвартай аварга гэгдэж байсан П.Орхоноо алдсан эмэгтэйчүүдийн шигшээ баг С.Батцэцэг, С.Цэрэнчимэд гэсэн хоёр гавьяат тамирчинтай Си-Аньд очсон. 59 кг-д А.Батцэцэг мөнгө, 55 кг-д Б.Дөлгөөн, 57 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-ын жинд З.Болортунгалаг нар хүрэл медаль авлаа. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1989 онд Японы Оараи хотод болсон Азийн АШТ-ээс, эмэгтэй бөхчүүд 2000 оны БНСУ-ын Сөүлийн Азийн аваргад анх зодоглосноос хойш тивийн аваргад тасралтгүй оролцож байгаа. “Си-Ань 2019” тэмцээний дараа тивийн аваргаас авсан нийт медаль 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл медаль болоод байна.


ЖҮДО: АЗИЙН ГУРВАН АВАРГАТАЙ

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан билээ. Олимпийн шигшээд багтах өрсөлдөөн жин тус бүрт ширүүхэн өрнөж байгаа манай баг энэ удаад туршлагатай ахмад, шинэ залуу бөхчүүдээр багаа бүрдүүлсэн байлаа. Монголын шигшээ гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тивдээ хоёрт жагссан. Манай багийн өмнө жүдогийн эх орон Японы шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэйгээр орсон юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-ын жинд Л.Отгонбаатар нар урамтай сайхан барилдсаар тивийн аварга болцгоолоо. Энэ гурван жүдочийн барилдаан бүр нь үзэгчдийг огшоосон, сэтгэл хөдөлгөсөн, уран сайхан болсныг онцлон дурдах нь зүйтэй.  Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 63 кг-ын жинд Б.Ганхайч нар мөнгөн медаль, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл, 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль авсан. Олимпийн төрөлд багтаад байгаа холимог багийн барилдаанд Хятадын багийг ялж, хагас шигшээд Японы шигшээд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаныг 4:1 ялснаар хүрэл медаль хүртлээ.


БУУДЛАГА: “ТОКИО 2020” НААДМЫН 2 ЭРХТЭЙ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд буудлагын Дэлхийн цомын цуврал тэмцээн явагдаж, буудлагын тамирчид эх орондоо “Токио 2020” наадмын анхны эрхийг авчирлаа. Спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэхийн сацуу ОУХМ цолны болзол хангаж, "Токио 2020" олимпийн наадмын Монголын тамирчдын анхны эрхийг авсан юм.

Манай тамирчин хийн гар бууны 10 метрийн дасгалд тавдугаар байрт орсноор олимпийн эрхийн болзлыг хангаж байна. Түүнээс гурав хоногийн дараа эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд өрсөлдсөн ОУХМ Энхтайваны Даваахүү Токиогийн олимпийн хоёр дахь эрхийг Монгол Улсдаа авчирсан. Э.Даваахүү хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор тавдугаар байрт шалгарч, олимпийн наадмын эрхээ авсан юм. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өчигдөр спорт гар бууны 25 метрт 14 дүгээр байр эзэлснээр финалд шалгарч чадаагүй тул эрхээ авч чадсангүй. Түүнд хоёрхон оноо дутлаа. Удахгүй болох Герман, Бразилийн Дэлхийн Цомын тэмцээнд манай буудлагынхан олимпийн эрхээ нэмэх нь гарцаагүй. О.Гүндэгмаа “Токио 2020” наадамд оролцвол долоо дахь олимпдоо оролцох юм. Эмэгтэй тамирчдын хувьд хамгийн олон олимпийн наадамд оролцсон дэлхийн рекорд нь найм байдаг байна.


М.АНХЦЭЦЭГ АЗИЙН АШТ-ЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотноо болж байна. Тивийн аваргад Монголын баг нэг эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байгаа бөгөөд анхны амжилтын мэдээ хэдийнэ ирээд байна. М.Анхцэцэг 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-ын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Нийт хоёр хүрэл, нэг мөнгө, нийт гурван медаль авсан. М.Анхцэцэг 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Ийнхүү амаржсанаасаа хойш гурван сарын дараа бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн М.Анхцэцэг зургаан сарын дараа анхны олон улсын томоохон тэмцээндээ өрсөлдөж, эхний амжилтаа үзүүллээ.


ЖЮҮ ЖИЦҮ: ГУРВАН ДЭЛХИЙН АВАРГАТАЙ

Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөвдүгээр сарын 20-26-нд болсон өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д 55 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Насанд хүрэгчдийн тэмцээнд Г.Отгонбаатар (эр-77 кг), Б.Эрдэнэбаяр (эр-94 кг) нар мөнгө, залуучуудад эмэгтэйчүүдийн 70 кг-ын Б.Хулан алтан медаль хүртлээ. Харин өсвөрийн тамирчид Г.Батцэцэг, Б.Шинэтулга нар алт, Ө.Бат-Оргил, Б.Батцэцэг, Б.Баасансүрэн, С.Шинэхүү нар мөнгө, С.Одбаяр, Г.Гарамхүү, Ц.Хосбаяр, Г.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top