“Баярлалаа, Турк орон” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийв

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Хүүхдийн Урлан бүтээх төвд дугуйлангийн суралцагч хүүхэд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын Ажиллагаа зохицуулах Агентлаг буюу /ТИКА/-гаас Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох төсөл хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 16,000 ам долларын сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмж өгчээ. Энэ сайхан сэтгэлийн хариу талархал болгож хүүхдүүд уран зураг, гар урлал, технологи, уран бичлэгийн 160 гаруй бүтээлээ дэлгэлээ.
 

Энэхүү буцалтгүй тусламжийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, түүний гэргий Кадирэ Зэйнэп Маям Язал, Туркийн Хамтын Ажиллагаа Зохицуулах Агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Зэкиэ Ташдэмир болон тус төвийн захирал Д.Уранбилэг нар оролцов.

“ТИКА нь техник туслалцаа, хамтын ажиллагааны төслийн хүрээнд тухайн улс орны ашиг сонирхол, нийгэм соёлын хэм хэмжээг дээдлэн үздэг байгууллага юм” хэмээн Элчин сайд Ахмет Язал онцлоод сурагч хүүхдүүдэд баяр хүргэж, уран бүтээлийн улам их амжилт хүсэв. 21 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Санчирмаа нь “Би Хүүхдийн Уран Бүтээлийн Төвд Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангид сурдаг. Анхны үзэсгэлэндээ оролцож байна.

Хүмүүст өөрийн бүтээлээ танилцуулахад урамтай, сонин сайхан юм байна. Дугуйланд ороод би их зүйл сурсан. Том болоод би Цэцэрлэгийн багш болно гэв. Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг Элчин сайд, төлөөлөгчдөд Урлан бүтээх төвийнхөө бүх анги танхимаар аялуулж, хүүхдүүдийн хийсэн бүхий л бүтээлийг тайлбарлан танилцуулж байв.

Тэрбээр “Монгол түүхэн замнал, зан заншил арвин баялаг болохоор залуу хойч үед бүтээх ч зүйл их бий, сурах ч зүйл их бий” гэж байлаа.

Энэхүү төслөө дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор Улаанбаатар дахь Хөтөлбөр Зохицуулах газар нь өнгөрсөн 20 жилд ойролцоогоор 450 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top