Бичлэг: “Аякс” Английн “Тоттенхэм”-ийг талбайд нь яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Энэ хоёр багийг Аваргуудийн лигийн хагас шигшээд гарна гэж хэн ч бодоогүй байсан биз ээ. Голландчууд “Реал”, “Ювентус” гэсэн томчуудыг дараад гарч ирсэн бол “Тоттенхэм” нутгийн баг “Манчестер Сити”-г ялж, бас нэгэн сенсаац тарьсан.  Гэхдээ тун том хохирол амссан билээ. “Тоттенхэм” бүтэн жил шинэ тоглогч худалдан аваагүй баг. Гэтэл багийн ахлагч Харри Кейн гэмтэж, солонгос тоглогч Сон Хен Мин торгуулийн улмаас тоглохгүй болсон байв. Өөрөөр хэлбэл довтолгооны хоёр гол хүнээ алдсан гэсэн үг. Тэд Премьер лигтээ ч байн байн ялагдаад байдаг болсон тул гуравдугаар байрнаасаа бууж ч магадгүй болоод байна. Хоёр фронтод зэрэг тулалдах амаргүй. Харин “Аякс” дотооддоо 6 дараалан ялаад байлаа.

“Тоттенхэм” Англи – “Аякс” Голланд 0:1 (0:1, 0:0)

“Тоттенхэм Хотспур Стэдиум”

Гоол: 0:1 – 15 ван де Бек.

“Тоттенхэм” – Льорис, Алдервейрелд, Санчес, Вертонген (Сиссоко, 39), Ваньяма, Триппьер (Фойт, 80), Роуз (Дэвис, 79), Эриксен, Алли, Льоренте, Лукас Моура.

“Аякс” –          Онана, Велтман, де Лигт, Блинд, Тальяфико, Шене (Мазрауи, 65), де Йонг, Зиеш (Хунтелар, 87), ван де Бек, Нерес, Тадич.

Шар хуудас: Тальяфико (30), Велтман (63).

“Реал”, “Ювентус” гэсэн том багуудыг талбай дээр нь ялж байсан “Аякс”-ын хувьд Лондон хотоос айгаад байх зүйл огт үгүй. Эхний үе бол голланд залуусын сонгодог тоглолт байлаа. “Аякс” бөмбөг илүү эзэмшиж, хурц довтлон, талбайн эздийг толгой өндийлгөсөнгүй. “Тоттенхэм” хэт болгоомжлон, прессинг хэрэглэсэн ч амжилт олсонгүй.  Дони ван де Бек гоол хийж, “Аякс” тэргүүлсэн. Дахин гоол хийх боломж ч тэдэнд их байлаа. Харин хоёрдугаар үед голландчууд үе үе сөрөг довтолгоо хийгээд тоогоо хадгалахаар хичээж эхэлсэн. Гэрийн эзэн гэдгээ санасан “Тоттенхэм» шахаж эхэлсэн ч тоог тэнцүүлж чадсангүй. Хариу тоглолт маш сонирхолтой болно. Учир нь солонгос залуу Сон эргэн ирэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top