ТВ5 телевиз цаашид "Максима Консалтинг" компанийн судалгаанд хамрагдахгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

“TВ5” телевизийн удирлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанд хамрагдахаас татгалзаж буйгаа илэрхийлэн өнөөдөр /2019.05.01/ мэдээлэл хийлээ.

“Максима Консалтинг” ХХК 2005 онд байгуулагдсан цагаас хойш олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, ТВ рейтингийн судалгааны төрлүүдээр дагнан ажилладаг мэргэжлийн судалгааны байгууллага юм. 2007 оноос хойших хэвлэл мэдээллийн хэрэгслийн медиа мониторингийн датабаазыг бүрдүүлэн ажиллаж байгаа.

Хэвлэлийн хурлын үеэр ТВ5 телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар "Монгол Улсаа хөгжүүлье" уриатай ТВ5 телевиз “Максима Консалтинг” компаниас гаргадаг телевиз үзэлтийн судалгаанд өнөөдрөөс эхлэн хамрагдахгүй гэдгээ тус байгууллага болон судалгааг авч ашигладаг аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. Учир нь тус судалгааг үнэн эсэхэд нь эргэлздэг олон шалтгаан, үндэслэл байна гэж тэрбээр тайлбарласан юм. 

Тэрбээр мөн "Бидний санаачилгыг Монголын телевизүүдийн холбоо, МСНЭ дэмжиж байгаагаа илэрхийлж, удахгүй мэдэгдэл гаргана" гэдгийг онцоллоо.  

“ТВ5” телевизийн Улс төрийн мэдээллийн албаны дарга А.Болдсайхан “Энэ байгууллага 100 айл орчмоос л судалгаа авч, телевиз үзэгчдийн нэгдсэн тайлан нэртэйгээр гаргаж байна. Олон улсын судалгаа хэрхэн хийгддэг байдлаас харвал судлагдаж буй байгууллагуудад төр, телевизийн удирдлагууд, зар сурталчилгаа өгдөг аж ахуйн нэгжүүд нь хамтарч, хяналт тавьдаг. Дээрээс нь дотоод болон гадаад аудитын шалгалт хийж байж судалгааг үнэн гэж санал нэгдэн, баталдаг юм билээ. Гэтэл “Максима Консалтинг” үнэн эсэхэд хяналт тавьсан байдал нь тодорхойгүй судалгааг олон нийтэд танилцуулж байна. Үнэн эсэх нь батлагддаггүй судалгаанд манай телевиз цаашид хамрагдахгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үзэгч(43.242.242.59) 2023 оны 10 сарын 06

тийм шүү, хэдхэн айлд тавьчихаад тэрийгээ судалгаа гээд рейтинг тогтоодог байж болохгүй ш дээ

1  |  0
Top