“Барселона” багийн үндсэн бүрэлдэхүүнд анх багтсан 2006 оны үед Лео Месси туранхай, урт үстэй хөвгүүн байлаа. Даруу төлөв хэмээн бүгд түүнийг магтаж, Месси хэзээ ч шивээс хийлгэхгүй мэт санагдаж байсан үе бий. Гэвч удалгүй Мессид “томоотой залуу” гэсэн тодорхойлт таалагдахгүй болж ирсэн юм. Тэр хууз сахал ургуулан, шивээс хийлгэж эхэлсэн.
“Лео байнга миний шивээсийг хараад л, өвддөг үү гэж асуудаг байлаа. Би түүнд шивээс хийлгэмээр байвал хурдан хийлгэ” гэж хэлдэг байсан” гэж Дани Алвес “France Football”-д ярилцлага өгөхдөө хэлж байв.
Ингээд 2010 онд Лео анхны шивээсээ хийлгэсэн. Одоо тэр 14 шивээстэй.
Түүний бүх шивээсийг аргентин мастер Роберто Лопес урласан. Ямар шивээс хийлгэмээр байгаагаа Месси хэлж, Роберто эскизээ бэлтгэн үзүүлнэ.
2014 онд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болон Лео Робертогийн гаран дээр урлаг муутайхан ч гэсэн 10-ын тоо шивсэн байна.
Мессигийн ачаар Лопес ч дэлхийд алдаршсан. Энцо Перес, Хуан Итурбе, Анхель Ди Мария зэрэг Өмнөд Америкийн хөлбөмбөгчид түүний үйлчлүүлэгчид.
Мессигийн шивээс болгон утга учиртай.
2010 онд хийлгэсэн түүний анхны шивээс бол зүүн далан дээрх ээжийнх нь зураг.
13 настайдаа Испанид ирсэн түүнийг аав нь дагалдаж, ээж нь нутагтаа үлдсэн байлаа. Месси ээжээ их санадаг байсан гэдэг. Ээж нь одоо ч Аргентиндаа амьдарч байгаа. Хааяа Барселонад ирэхдээ тэр хүүгийнхээ дуртай хоолыг хийж өгдөг. “Миний шницелийн ачаар Лео ийм олон гоол оруулдаг” гэж хэлсэн удаатай.
Зүүн хөл: Тьяго, хүүхдийн гар, сахиусан тэнгэрийн жигүүр
Хоёр дахь шивээсээ ч тэр хайртай хүндээ зориулсан. 2012 оны 11 дүгээр сард төрсөн хүү Тьягод зориулсан шивээсээ Месси, Лопес хоёр удаан бодсон. Эхлээд зүүн хөлөн дээр хүүхдийн гар шивж, хэдэн сарын дараа далавч, зүрх нэмсэн байна.
Хөлбөмбөгийн шивээс: бөмбөг, 10 дугаар
2014 оны сүүлээр түүний зүүн хөл 10 дугаар, бөмбөг, илдний зургаар чимэглэгдсэн. Харин илдний шивээсээ тэр хоёр жилийн дараа арилгасан юм.
Баруун гар: Исүс, La Sagrada Familia, цаг
Леогийн баруун гар шашин шүтлэгийн сэдэвтэй. Мөр нь тэр чигээрээ Исүс. Тэгээд Барселона хотын бэлгэ тэмдэг La Sagrada Familia сүм. Бараг хагас жил зарцуулсан энэ шивээсээр тэр Барселона хотод хайртай гэдгээ илэрхийлжээ.
Бадамлянхуа цэцгийн шивээсний талаар Лопес “Энэ бол Мессигийн авьяасыг илэрхийлж байна. Энэ цэцэг маш хүнд нөхцөлд ургаж дэлбээлдэг. Яг л Месси шиг” гэж ярьж байна.
Баруун гаран дахь цаг үүрд мөнх гэсэн утгатай гэнэ.
Хос шивээс: Хурим болсон он, сар, өдөр. Титэм.
2017 онд Лео багын найз Антонеллатайгаа гэрлэсэн. Мэдээж шинэ шивээс хэрэгтэй. Хуримын өдрөө тэд (30.06.2017) ром цифрээр бичжээ.
Хамгийн алдартай шивээс: эхнэрийнх нь уруул
2017 оны зун Месси эхнэрийнхээ уруулын мөрийг шивүүлсэн нь олон хүнд таалагдаагүй. Энэ шивээсний талаар олон нийтийн сүлжээнд маш их маргаан гарсан билээ.
Хамгийн сүүлд Лео баруун хөлөндөө эхнэр, хүүхдүүүдийнхээ төрсөн өдрийг шивүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )