А.Ундраа: “ABU робокон 2019” олон улсын тэмцээнийг Монголд зохион байгуулж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

 

“РОБОКОН 2019” НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН ХЭЛСЭН ҮГ.

Эрхэм оролцогчид, багш дасгалжуулагчид, шүүгч нартаа амжилт хүсье.

“Робокон” төслийг анх Японы NHK телевиз 1991 онд санаачилсан бөгөөд дэлхийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгууллага болох Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-д энэ төслийг дэмжин өргөтгөж анхны “ABU Робокон” тэмцээн 2002 онд Японы нийслэл Токио хотноо зохиогджээ.

Инженер, технологийн чиглэлээр суралцдаг оюутнууд өөрсдийн бүтээж, технологийг нь хөгжүүлсэн роботуудаараа өрсөлддөг энэхүү тэмцээн Япон, Вьетнам, Энэтхэг, БНХАУ, Тайланд, Египет, Индонез, БНСУ улсуудад зохион байгуулагдаж байсан энэ тэмцээнийг анх удаа Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн 18 дахь удаагийн “ABU Робокон 2019” олон улсын тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгуулж буй МҮОНРТ-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Монгол Улсад төрийн бодлогоор дэмжиж буй цаашид ч дэмжих шаардлагатай шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сургалтын чанарын үзүүлэлтийг энэ тэмцээний үр дүн илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Авьяаслаг инженер болцгоож технологийн чиглэлээр өөрсдийн компаниа байгуулах ирээдүйн манлайлагчид та бүхэн дотор байгаа нь дамжиггүй.

Энэ удаагийн “ABU Робокон” тэмцээний даалгавар Монгол Улсын түүх соёл, үндэсний онцлогийг илтгэсэн.

Монголын түүхийн хүн төрөлхтөний буухиа, шуурхай шуудан харилцааны өв соёлд оруулсан нэгэн чухал ололт болох Өртөө систем, мөн Монголчууд бидний олон улсын харилцаа, дипломат ёс жаягт оруулсан бас нэгэн чухал ололт болох ГЭРЭГЭ дамжуулах дүрэмтэй.

Тэмцээний талбай Монголын байгалийн онцлогийг харуулж байгаа хангай, говь, уулыг тусгасан.

Даалгаврын дүрэмд роботууд Монголын уламжлалт тоглоом наадам, шагай хаяж морь буулгаснаар оноо цуглуулна.

“ABU Робокон” тэмцээний түүхэнд анх удаа оролцогчид дөрвөн хөлтэй роботоор өрсөлдөнө. Дөрвөн хөлт робот адуунд хайртай Монгол түмэн бидний соёлын илэрхийлэл юм.

Нийт оролцогчиддоо амжилт хүсэхийн ялдамд анхааруулж хэлэхэд, судалгаа техникийн ажлаа алдаа оноогоо, даван туулсан арга замаа бичиж тэмдэглэн гарын авлага болгон үлдээх, цаашлаад мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж чадвал оролцогчдын амжилт, робот, хиймэл оюун ухааны салбарын хөгжилд чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэмээр байна.

Ингээд Та бүхэндээ дахин амжилт хүсье.

2019 оны 4 дүгээр сарын 25

Top