ТОЙМ: Дөрөвдүгээр сард ихэнх гол мөрний усны түвшин буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 04

Цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтэс  Гол, мөрний усны горимын тойм мэдээллийг гаргасан байна.


Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан бол Шишхэд голын хувьд  хоногт 5-20 см буурсан ерөнхий хандлагатай байсан байна.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-75 см бага харин Бэлтэс, Үүр, Шишхэд, Эг голын адгаар олон жилийн дундаж түвшнээс 10-80 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа  өмнөх оны мөн үеийн орчим байгаа бол олон жилийн дунджаас 10-165 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногт 1-5 см буурсан бол Тэрэлж, Ерөө голын эхээр хоногт 5-40 см багассан ерөнхий хандлагатай байв. Хэнтийн баруун хажуугийн голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас  10-55 см ахиу харин 2018 оны мөн үеэс 5-60 см бага түвшинд байв.

Дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногийн турш Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшний хоногийн  хэлбэлзэл 5 см орчим байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-65 см ахиу байсан бол Орхон голын дунд болон адаг хэсгээр 10-60 см бага харин өмнөх оны мөн үеийнхээс  Сэлэнгэ мөрний дагууд 15-40 см бага Орхон голын дагууд 10-70 см ахиу байна.

Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх болон Хэрлэн голын эхээр усны түвшин арав хоногийн турш 50-105 см буурсан байхад бусад голуудын хувьд хоногийн түвшний хэлбэлзэл багатай өнжсөн байна.  Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 10-65 см бага харин Барх, Балж, Онон, Хэрлэн голын эхээр олон жилийн дунджаас 15-70 см ахиу түвшинд байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай сав               

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Дундцэнхэр, Төгрөг, Сагсай,  Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см их устай байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Хүнгүй, Яруу, Завхан, Зүйл, Түй, Шаргалжуут, Цагаантуруут, Онги зэрэг голуудын усны түвшний хэлбэлзэл өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см байсан ба  арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн жилийн мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-40 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үеэс 5-30 см бага түвшинд байлаа. 

Дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top