ДАШТ-ий таван алт, нэг мөнгөн медальт, Дагестаны алдарт бөх Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээн тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод боллоо. 50 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас долоон тамирчин зодоглов. 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо барилдаж, тавдугаар байрт орлоо. Тэрбээр Каспийскийн дэвжээнд тэгшигтгэлд БНХАУ-ын Эр Сонгбу, 1/8 шигшээд Германы Ник Матюхин нарыг ялж, шөвгийн наймд Кемеровогийн Павел Кривцовт 1:4-өөр ялагдсан. Дагах барилдаанд Молдавын Шамхан Жабраиловыг 3:1-ээр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд 2014 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Хойд Осетийн Алан Хугаевт 1:3-аар ялагдлаа.
Манай бусад бөхчүүдээс 61 кг-ын жинд Т.Түвшинтулга Азербайжаны Руслан Гасымовыг 3:0-ээр ялсан ч ОХУ-ын Артем Гебековт 0:8-аар, 70 кг-д М.Тэмүүжин Германы Кевин Хинкелийг 9:4-өөр ялсан ч ОХУ-ын Разамбек Жамаловт 0:10, Азербайжаны Жошгун Азимовт 6:17-гоор, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ Болгарын Мирослав Кировт 0:5-аар, 92 кг-д Ч.Алтангэрэл Беларусийн Иван Янковскийд 0:8-ээр, 97 кг-д Ө.Батзул Узбекистаны Магомед Ибрагимовт цэвэр, ОХУ-ын Игор Овсянниковт 2:7-гоор, Л.Төртогтох Азербайжаны Нурмагомед Гажиевт 0:4-өөр тус тус ялагдсан.
Олимп, дэлхийн аварга Азербайжаны Шариф Шарифов, дэлхийн хошой аварга ОХУ-ын Магомедрасул Газимагомедов, нэг түрүүтэй Магомед Курбаналиев, Заур Угуев, Кубын Йовлес Бонне, олимп, дэлхийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, олимпийн наадмын хүрэл медальт Узбекистаны Магомед Ибрагимов, Беларусийн Ибрагим Саидов, дэлхийн дэд аварга Энэтхэгийн Бажранг Пунья, Кубын Рейнерис Салас, БНХАУ-ын Дэн Живэй, Беларусийн Иван Янковский, хүрэл медальт ОХУ-ын Сослан Кцоев, Монголын Т.Түвшинтулга, Азербайжаны Асланбек Албаров, Кубын Франклин Кастильо, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Георгий Эдишерашвили, Европын аварга Владислав Байцаев, Даурен Куруглиев, Артур Найфонов, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбанов, Азийн аварга Энэтхэгийн Сандип Томар, Казахстаны Расул Калиев, Пан Америкийн аварга Кубын Рейнери Ортега тэргүүтэй дэлхийд данстай олон шилдэг хүчтэнүүд Дагестанд зодоглолоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Чөлөөт бөх ч хэрэг алга даа!
Монголын чөлөөт бөхийн удирдлага, зохион байгуулалт байхгүй болсон нь харамсалтай. Төрд эрлийзүүдийн бүлэглэл ноёрхох болсноор Монгол улс сүйрч эхэлсэнтэй яг адил юм. Хүнд жингийн бөхчүүдийн бэлтгэл хангагч байхгүй болохоор бэлтгэл дутна шүү дээ. Мөнхбат аварга, хар Баянмөнх хоёрын бэлтгэл хангагч нь Санжаа, Эрдэнэ-Очир гэж мундаг хүмүүс байлаа. Тэдний хүчинд л энэ хоёр амжилтанд хүрсэн юм шүү дээ. Үүнийгээ ухаарахгүй өөрийн хүчээр дээш гарсан юм шиг ярихыг нь яана тэр хар. Чөлөөтөд ч, жудод ч хүнд жинд бэлтгэл хангагчтай болох л хэрэгтэй. Зүгээр нэг усан гүзээнүүд бол хэрэг ч болохгүй.