Роналдиньогийн хүү “Крузейро”-д орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Бразилийн алдарт хөлбөмбөгч Рональдиньогийн хүүгийн талаар ярихын өмнө нэгэн түүхийг сөхөж үзье.

2002 онд Бразилийн шигшээ баг дэлхийн аварга болж, ард түмэн баярлан цэнгэж байх үед Роналдиньо амрахаар Риод очжээ. Коктейль уухаар шөнийн цэнгээний газарт орсон Ронни тэр үдэш хайр дурлалтайгаа учирсан юм. Клубын бүжигчин бүсгүйчүүдээс нэг нь түүнд тун их таалагдсан тул Ронни үзүүлбэрийн дараа бүсгүйг болзоонд урьсан байна. Жанаина мэдээж алдартай тамирчинд татгалзаж чадсангүй.

Роналдиньогийн хөнгөмсөг зугаа цэнгэлийн талаар Бразил орон тэр чигээрээ мэддэг байсан ч энэ удаад Ронни гэрлэхээр шийдсэн юм. Хосууд 2004 онд гэрлэж, 2005 онд хүүтэй боллоо. Ронни “Хүүтэй болсондоо их баяртай байна. Аав болгон хүүгээ хөлбөмбөгчин болгохыг хүсдэг” гэж ярьж байлаа.

Тэр хүүдээ Жоао гэж аавынхаа нэрийг өгсөн. Гэхдээ тэр үед Испанийн “Барселона”-д тоглож байсан Ронни эхнэр, хүүхдээ Испанид аваачихыг яарахгүй байлаа. Жанаина нөхрөө хардаж, сэжиглэх нь ч аргагүй байв. Ингээд 2006 онд Рональдиньо Францын модель бүсгүй Александра Парессантай учир ургуулаад гэрбүлээ хаясан юм.

Тэр хүүдээ сар болгон 10 мянган ам.доллар тэтгэмж болгон илгээж, Рио-де-Жанейрогийн тансаг дүүрэгт байр худалдан авч өгсөн. Гэхдээ хүүтэйгээ огт уулзахгүй байлаа. Өрх толгойлсон Жанаина ажлаа хаяж, хүүгийнхээ бие төлөөлөгч нь болсон юм.

Жоао эхлээд "Фламенго”, дараа нь “Крузейро” багийн академид орохдоо Рональдиньогийн хүү гэдгээ хэнд ч хэлсэнгүй. 88 хүүхэдтэй өрсөлдөн, шилдэг 4 хүүхэд тэнцсэн хариу авахад тэдний дунд Жоао зогсож байлаа. Тэр 178 см өндөр, довтлогчийн байрлалд тоглодог.

“Би хүүдээ өөрийн гараар замналаа бүтээ гэж үргэлж хэлдэг байсан. Аавынхаа нэрийг бүү ашигла гэдэг байлаа. Роналдиньогийн хүү хөлбөмбөгч байх хэцүү шүү дээ” гэж Жанаина “Globo”-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа.

Жоаогийн ур чадвар хангалттай сайн байсан тул “Крузейро” баг түүнийг эргэлзэх юмгүй авсан юм. Рональдиньогийн хүүг багтаа элсүүлнэ гэдэг рекламын том боломж ч багаас хэн нь ч таамагласангүй. Харин “Globo” сэтгүүл дээр мэдээ гарсны дараа л тэд алдарт Роннигийн хүүг багтаа авснаа мэдсэн байна.

Роналдиньогийн хүү гэдэг нь мэдэгдсэний дараа Жоаогийн инстаграм хуудас 106 мянган дагагчтай болж, фэнүүд нь ч нэмэгджээ. Гэхдээ ээж нь түүнийг  оддын өвчин тусахаас сэргийлэн, ярилцлага өгөх, зар сурталчилгаанд орохыг хориглодог бөгөөд олон нийтийн сүлжээнээс иснтаграм ашиглахыг л зөвшөөрсөн.

Жоао жилийн өмнө Францын “ПСЖ” багийн шалгалтад ч орж байжээ. Аав нь энэ багт гялалзаж явсныг тэр сайн мэднэ. Нэг жилийн өмнө болсон тус шалгалтад Жоао бусад хүүхдүүдээс хамаагүй илүү байсан тул Францын баг гэрээ байгуулахад бэлэн байжээ. Гэвч тэр нутгийнхаа багийг сонгож, францчуудад татгалзсан хариу өгсөн юм.

Жоао өнгөрсөн дөрөвдүгээр сард 14 нас хүрч, “Крузейро”-той гэрээ байгуулсан. Гэхдээ алдартай аавтай болохоор нь биш, Жоао үнэхээр 14 хүртэлх насны багийнхаа жинхэнэ од, “удирдагч нь болоод байгаа юм.

“Крузейро” академийн багш нар “Жоао биеийн хөгжил сайтай. Маш техниктэй. Тэр манай академийн шилдэг тоглогч болсон” гэж ярьж байна.

Жоаотой гэрээ байгуулж байгаа бичлэгийг Youtube  дээр 123 мянган хүн үзэж, сонирхсон байна. Европоос ялгаатай нь Бразилид 14 настай хүүхэдтэй гэрээ байгуулж болдог байна.

Багийнхаа албан ёсны сайтад ярилцлага өгөхдөө тэр “Крузейро баг надад боломж олгосон. Би аз жаргалтай байна. Багтайгаа дараа нь мэргэжлийн гэрээ байгуулаад дүүрэн хүнтэй “Минейро” цэнгэлдэхэд гоол хийх мөрөөдөлтэй байна” гэж хэлсэн.

Одоо алдарт аав нь хүүтэйгээ байнга уулздаг болсон. Харин Жанаина түүнтэй ярихыг ч хүсдэггүй. Учир нь Роннигийн бүсгүйчүүдийн талаар байнга цуурхал гардаг. Нэг хэсэг түүнийг хоёр эмэгтэйтэй хамт амьдардаг, нэг нь 2006 онд хүүгээс нь салгасан Александра Парессан гэж бичиж байсан бол удалгүй Ронни хоёр эхнэртэй болжээ гэсэн мэдээлэл ч гарсан.

Нас ахиж, томоожсон супер од ганц хүүтэйгээ ойрхон байхыг хүсдэг болсон нь нууц биш. 39 настай Ронни дөрвөн жилийн өмнө зодог тайлсан. Ажилгүй байгаа тул зав зай ихтэй. Хүүхдийнхээ тэмцээнийг үзэж, бэлтгэл тарахыг нь хүлээгээд сууж байдаг болжээ. Харин Жоао хүү ааваасаа өвлөсөн авьяас чадвараараа алдарт гарах ч аавынхаа нэрийг огт ашиглахгүй гэнэ.

Роналдиньо хөлбөмбөгийн төлөө маш их зүйл бүтээсэн хүн. Харин одоо хүүгийнхээ төлөө юм хийх цаг нь иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top