Японы Эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буулаа.
Энэ жил 85 нас зооглож буй Эзэн хаан Акихито хаан ширээнээс буух шашны болон гэр бүлийн ёслолоо хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө Шинто шашны шүтээн, өвөг дээдэс, Нарны бурхан Аматэрасүд зориулсан гурван ариун сүмд очиж, мөргөл үйлдэв.
Энэ нь хаан ширээгээ шилжүүлэн өгч байгаагаа дээд бурханд илтгэж байгаа хэрэг юм. Эзэн хаан үүнээс өмнө анхны Эзэн хаан болон өөрийн эцэг Хирохито нарын бунханд хүндэтгэл үзүүлжээ. Тавдугаар сарын 1-нээс Нарүхито эзэн хааны үе эхэлнэ. Шинэ үеийн нэр нь Рэйва.
-Тайландын хаан Маха Вачиралонгкорн буюу Х Рамаг албан ёсоор хаан ширээнд өргөмжлөх ёслол тавдугаар сарын 4-ний өдөр болов.
Уламжлал ёсоор, Х Рама хаан ялалтын гэгддэг 7.3 кг жинтэй титмийг өөрөө зүүсэн байна. Учир нь хааны тэргүүнд хүн хүрэх ёсгүй тул хааны титэмд хаан өөрөө л хүрдэг аж. Эрт үед бурханы зиндаатай хаадын толгойд хүрсэн хүнд цаазаар авах ял оноодог байжээ.
Үүний дараа тэргүүн хамба Х Рама хаанд хааны хэргэм зэрэг, эртний одон тэмдэг бүхий алтан пайзыг гардуулсан байна. “Би ард түмнээ хамгаалж, ард түмнийхээ эрх ашигт үнэнчээр зүтгэх болно” хэмээн Тайландын хаан анхны мэдэгдэлдээ онцолсон байна.
Үүний дараа Х Рама хаан хатан хаан Сутхидаг хатан хаанд өргөмжилжээ. Хааны их ордны Амариндра Виничхая танхимд шашны ёслол үйлдсэний дараа тэрбээр хааны гэр бүлийн гишүүд болох Хааны нууц зөвлөл, сайд нарын танхимын гишүүдтэй уулзжээ.
Түүнчлэн, Х Рама маргад Бурхан буддагийн сүмд очиж, Тайланд дахь бурханы шашны хамгаалагчаар өөрийгөө зарлажээ.
Ням гарагт Х Рама хаан алтан жуузан дээр заларч, Бангкок хотын төв гудамжаар ард түмэнтэйгээ мэндчилэв. Тайландын нийслэлийн хуучин дүүргийн замыг хаасан бөгөөд хаан долоон км замын турш дээдсийн хүндэтгэлийн өнгө болох шар хувцсаар гангарсан олонтой мэндчилсэн байна.
Х Рама 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд буюу өөрийн эцэг IX Рама хаан нас нөгчсөний 50 дахь хоногт хаан ширээнд өргөмжлөгдсөн хэдий ч хаан ширээнд өргөмжлөх ёслолыг хойшлуулсан билээ.
-Испанид өнгөрсөн ням гарагт болсон ээлжит бус бүх нийтийн сонгуульд эрх барьж буй Социалист ажилчны нам ялалт байгуулав. Гэхдээ парламентад дийлэнх суудлыг авч чадсангүй. Засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд тэдэнд бусад намын дэмжлэг хэрэгтэй болно. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчесын тэргүүлдэг Социалист ажилчны нам нь парламентын доод танхим болох 350 суудалтай Конгресст 123 суудал авсан юм. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар энэ удаагийн сонгууль 2008 оноос хойш сонгогчдын ирц хамгийн өндөртэй буюу 75 хувьтай байжээ. Гол сенсаци нь хэт барууны үзэлтэй Vox нам 10-аас дээш хувийн санал авч, анх удаа парламентад суудал авсан явдал юм. Хэт барууны үзэлтэй нам нь төв үзэлтэй Ардын намын дийлэнх саналыг “булаасан” гэж шинжээчид бичиж байна. Олон хүн баруун жигүүрийн дуу хоолойг сонгохдоо итгэлтэй байжээ.
Европын бусад орнуудын адил Испанид хэт барууны популист улс төрийн хүчний нэр нөлөө эрс өссөн. Vox нам нь олон талт соёл, феминизм болон хязгааргүй цагаачлалыг эсэргүүцдэг. Энэхүү нам нь сонгогчдын 10.3 хувийн саналаар парламентын 350 суудлаас 24-ийг нь эзэлж байгаа юм.
Нэг ч нам үнэмлэхүй санал, 176-аас илүү суудал авч чадаагүй. Ийм байдлаар Ерөнхий сайд Педро Санчес эвсэл байгуулах хэрэгтэй болно. Сонгууль 2020 онд болох ёстой байсан ч Засгийн газраас өргөн барьсан энэ оны төсвийг Конгрессын гишүүд батлаагүйтэй холбоотойгоор Педро Санчес ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн хэдэн жилд Испанид хугацаанаас өмнө сонгууль зарласан гурав дахь тохиолдол болж байна.
-Японд солонгос иргэдийн амьдардаг “солонгос хотхон” хэд хэд бий. Хамгийн том нь Токио хотын Шиноокүбод байдаг. Харин Өмнөд Солонгост “Japantown” байгуулагдах асуудал ард иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарчээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын Кёнги мужийн Шихөн хотод япон ресторан, дэлгүүр олноор нээгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ихэнх нь Осака хотын харьяа компаниуд бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй дэлгүүр ажиллаж байна.
Гэвч Өмнөд Солонгосын цахим ертөнцөөр үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан, Өмнөд Солонгост “Japantown” байгуулахыг эсэргүүцсэн уриалга гаргаж, гарын үсэг цуглуулах ажил эхлээд байна. 30 хоногийн дотор 200 мянган хүн уриалгыг дэмжвэл Засгийн газраас албан ёсоор хариу өгөх ёстой болдог хуультай. Хэрэв ямар нэг асуудал гарахгүй бол Шихөн хотын “Japantown” тавдугаар сард нээлтийн ёслолоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн тэргүүний албанд орсноосоо хойш 827 хонохдоо 10 мянган удаа худал, бусдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэдгийг “The Washington Post” сонин тооцоолон гаргажээ. Трамп 5000 удаа худал хэлэхийн тулд 601 өдөр (дунджаар өдөрт найман худал мэдээлэл) зарцуулсан бол дараагийн 5000 худал мэдээллээ ердөө 226 хоногт (өдөрт 23 худал мэдээлэл) хийсэн байна.
Худал ярих хурд нь гэнэт ийм өссөн нь сүүлийн үед Трамп Конгрессийн сонгууль, шатдаун, 2016 оны сонгуульд ОХУ нөлөөлсөн эсэх талаар хийсэн Ерөнхий прокурорын илтгэлийн үеэр маш олон хурал цуглаанд оролцсонтой холбон тайлбарлаж болно. Мөн Мексикийн хил дээр барих ханын талаар маш олон удаа худал мэдээлэл өгч байжээ.
-Венесуэлд төрийн эргэлт хийх оролдлого гарч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байна гэсэн мэдээлэл олон улсын анхаарлын төвд байлаа.
Гэсэн ч энэ мэдээлэл батлагдаагүй бөгөөд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цэрэг армиа АНУ-ын цэрэг орж ирсэн тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байхыг уриалжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байсан. Түүнд онгоц бэлэн байсан” гэжээ. Тэрбээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Мадурогийн онгоц нисэх онгоцны буудал дээр байсан. Тэр эх орноосоо явах гэж байгаа нь ойлгомжтой болсон. Гэхдээ оросууд түүнийг Венесуэлд үлдээхээр ятгасан” гэсэн байна. Тэгвэл Николас Мадуро Майк Помпеогийн үгэнд хариулт өгөв. Тэрбээр “Майк Помпео Мадурод онгоц бэлэн байсан. Гэхдээ оросууд түүнийг эх орноо орхиж явахыг нь хориглосон гэж хэллээ. Танаас гуйя, ноён Помпео, ийм зүйлийг үнэн мэтээр ярьж болдоггүй юм” гэжээ.
Түүнчлэн АНУ-ын мэдэгдэж байгаагаар Мадурогийн дэглэмийн гол тулгуур болсон гурван албан тушаалтан түүнийг орхиж, сөрөг хүчин рүү урвах оролдлого хийсэн байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарлахад АНУ болон Европын холбооны ихэнх улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Куба, Иран, БНХАУ, Беларусь, Болив, Сальвадор, Турк болон Сири улс дэмжиж байгаа. Мадурогийн хэвлэлийн ажилтан өчигдөр “Нөхцөл байдал хяналтад байгаа. Зэвсэгт хүчнийхэн биднийг дэмжсэн хэвээр байгаа” гэж мэдэгджээ. Зэвсэгт хүчний удирдагч нар Хуан Гуайдо төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзэж байгаа бол сөрөг хүчний удирдагч тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Түүнчлэн Венесуэлд “BBC” болон “CNN” телевизийн нэвтрүүлгүүдийг гаргахыг хоригложээ. Уг сувгууд Венесуэлийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэх үед Харилцаа холбооны үндэсний комиссын шийдвэрээр дохиог тасалсан байна.
Венесуэлийн нийслэл Каракас хотод өнгөрсөн мягмар гарагт жагсаал болох үеэр мөргөлдөөн гарч, 70 хүн гэмтэж бэртсэн байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо иргэдэд гудамжинд гарахыг уриалж, жагсагчид Засгийн газрыг дэмжигч Үндэсний гвардынхантай мөргөлджээ. Цэргүүд Мадурогийн Засгийн газарт үнэнч хэвээр үлдэнэ гэсэн байна. Гэхдээ сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уржигдар цахим хуудсаараа дамжуулан цэргийнхний зарим нь түүний талд орж, Мадурогийн Засгийн газартай тулалдахад бэлэн байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр “Эрх чөлөө” ажиллагааны эцсийн үе шат эхэлснийг мэдэгдсэн байна. Үүний дараа Гуайдог дэмжигчид жагсч, цэргийн байгууламж руу нэвтрэхийг завдсан учир Венесуэлийн Үндэсний гвардын хуягт тээврийн хэрэгсэл тэдэн рүү дайрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359