ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд олон үйл явдал боллоо. Эдгээрээс Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал, БНХАУ-ын дарга Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал зэрэг нь олон улсын анхаарлын төвд байсан юм. Ингээд үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Түүхэнд байгаагүй эсэргүүцлийн жагсаал хийнэ

Хонконгт улс төрийн хямрал болж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр хоёр сая гаруй иргэн захирагч Кэрри Ламыг огцруулахын төлөө эсэргүүцлийн жагсаал хийлээ. Хотын оршин суугчдын тоо долоон сая орчим бол жагсагчдын их цуваа бараг бүх хүмүүс гудамжинд гарсан мэт яралзаж байв. Тэд цагдаа нартай мөргөлдөж, хэдэн зуун хүн баривчлагдлаа. Иргэд захирагч Кэрри Лам гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлж өгөх тухай хуулийг батлах гэснээс болж бухимдсан юм. Уг хуулийг баталвал Онцгой бүс гэгддэг Хонконг Коммунист Хятадын эрхэнд улам бүр орно гэж хонконгчууд үзэж буй. Мөн баян тансаг Хонконг хотын эдийн засгийг удирдан зохион байгуулж чадахгүй байгаа түшмэдэд иргэд уурсаж байна. Дээрх хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчуудын жагсаал намжих биш харин ч улам эрчимжиж байгааг ажиглагчид хэлж байна. Засгийн газар нь зөрчил үүсгээд буй хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулсан ч жагсагчид хуулийг бүрмөсөн халахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэсэн юм.

Хонконгт ирэх долоодугаар сарын 1-нд тус бүс Хятадад шилжсэний ой болно. Энэ ойгоор тус улсын түүхэнд байгаагүй том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ иргэд мэдэгдээд байна. Захирагч Кэрри Лам хэрэгтэн шилжүүлэх хуулийн хэлэлцүүлгийг цуцалж, тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэсэн засаг захиргааныхаа өмнөөс уучлалт гуйсан ч иргэд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн. Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцааж татах, дахин жагсагч тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг амлах, Кэрри Ламыг огцрохыг тэд шаардаж байна.

АНУ Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхгүй

Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменигийн шууд удирдлагад байдаг Хувьсгалт Гвардынхан энэ сарын 20-нд агаарын хилд нь нэвтэрсэн АНУ-ын армийн дроныг буудаж унагасан. Үүнээс болж АНУ, Ираны харилцаа хурцадмал байдалд шилжээд байна. Анхаарал болгоомжгүй үйлдлээс болж зэвсэгт мөргөлдөөн дэгдэхэд ч ойрхон болоод байгаа аж. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, хариуд нь эдийн засгийн хоригийг цуцлах 2015 оны гэрээнээс АНУ өнгөрсөн 2018 онд гарсны дараа талуудын харилцаа муудаж эхэлсэн билээ. Дроныг нь сөнөөсний дараа АНУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газар тушаал гаргаж, улсынхаа агаарын тээврийн компаниудад Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхийг хоригложээ. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави Тегеран Америкийн нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн нь өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа хэлээд эрс буруутгасан байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран алдаа гаргаж АНУ-ын дроныг сөнөөсөн байж магадгүй гэжээ.

Трамп Ерөнхийлөгчийн суудлын төлөө дахин өрсөлдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлалаа. Флоридад болсон түүнийг дэмжигчдийн нийгэмлэгийн хурлын үеэр Трамп “Өнгөрсөн 2.5 жилийн дотор манай Засгийн газар шиг их ажил хийсэн Засгийн газар АНУ-д байгаагүй. Бид энэ амжилтаа давтана” гэв.

2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар Ардчилсан намаас Дэд ерөнхийлөгч асан Жо Байден, Берни Сандерс тэргүүтэй 20 гаруй хүн нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар Жо Байденыг сонгогчдын 49 хувь нь дэмжинэ гэсэн бол Доналд Трампыг 39 хувь нь дэмжинэ гэжээ.

Си Жиньпин Хойд Солонгост айлчлав

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалаар талууд БНХАУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Энэ жил хоёр орны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Талууд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн тулд найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж Си Жиньпин мэдэгдэж байсан юм. Тэрбээр уулзалтынхаа үеэр “Ким Жон Уны удирдага дор Солонгосын Ажилчны нам, БНАСАУ-ын ард түмэн эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын амьжиргааг сайжруулах стратегийн шинэ чиг шугамыг санаачилж, улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд авчирсан” гэв. Ким Жон Ун “Социалист бүтээн байгуулалтад гаргаж буй хоёр талын хамтарсан хүчин чармайлт нь зовлон жаргалаа хуваалцах, хамтран ажиллах, бие биеэ дэмжих уламжлалыг бий болгосон” гэжээ.

Хойд Солонгосын удирдагч түүнчлэн “Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаанд шинэ хуудсыг нээж байна. Бид хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ” гэжээ. Си Жиньпин БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийг зорьж байгааг нь дэмжиж буйгаа мэдэгдэж байсан билээ. Си Жиньпиний энэхүү айлчлал нь сүүлийн 14 жилийн хугацаанд Хойд Солонгост хийж буй Хятадын даргын анхны айлчлал юм.

Японд хүүхдийг зодож шийтгэхгүй байхыг хуульчлав

Японы парламент энэ сарын 19-нд хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглосон хуулийн төслийг баталсан юм. Шинэ хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх аж. Тус хуульд хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглосон ч хуулийг зөрчсөн этгээдэд ямар шийтгэл оноохыг нарийн тусгаагүй байгаа гэнэ.

Японд түүнчлэн хүүхдийг хүчирхийллээс хамгаалах олон нийтийн ажилтнуудыг хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүд, эцэг эхчүүдтэй ажиллах мэргэжилтэн гэж хоёр хуваах аж. Мөн хүүхдэд сэтгэлзүйн дарамт үзүүлсэн хэрэгт ял оноодог болох шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

ОХУ, Их Британийн эрх баригчид маргааны дараа анх удаагаа уулзана

Их Британийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт ОХУ-тай харилцаагаа хэвийн болгох, тэрчлэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах боломжийн талаар ярилцана гэж мэдэгдсэн юм. Талуудын яриа хэлэлцээ Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй байна.

Уулзалт болвол энэ нь Их Британид Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар хордсон хэргийн дараах ОХУ, Их Британийн удирдагч нарын анхны яриа хэлэлцээ болох юм. Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сарын 4-нд болсон энэ хэрэгт Их Британийн зүгээс ОХУ-ыг буруутгадаг билээ. Оросын тагнуулч асныг охиных нь хамт Солсбери хотын худалдааны төвийн гадаах сандал дээр хордуулсан байсан юм. Их Британийн талд тагнуул хийсэн гэж ОХУ-аас ял сонссон Сергей Скрипаль нь сүүлийн жилүүдэд Англид амьдарч байв. Түүнийг хордуулсан тархи мэдрэл саажуулдаг химийн бодисыг “Новичок” гэх бодис болохыг Их Британийн албаныхан тогтоож, уг бодис Орост байсан гэж үзсэн. Москваг буруутгасан Лондон Оросын дипломатуудыг эх орноосоо гаргах арга хэмжээ авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Тагнуулч асныг хордуулсан хэрэгт манай улс ямар ч холбоогүй. Бид олон улсын шинжээчдийн хяналт дор химийн бодисоо устгасан. “Новичок” гэж бодис ОХУ-д байхгүй” гэж мэдэгдсэн билээ.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь Японы Осака хотод энэ сарын 28-29-нд болно. Мөн Тереза Мэйн төлөөлөгч саяхан Их Британи, ОХУ-ын харилцаа ямар тохиолдолд сайжрах талаар ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.55.155) 2019 оны 09 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  1
Top