Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд олон үйл явдал боллоо. Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон жүжигчин Владимир Зеленский тангарагаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ардчилсан сонгуульд түүхэнд ялалт байгуулах нь тодорхой болов. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хийсэн мэдэгдлүүд болон “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болсон зэрэг олон улсын анхаарлыг татсан чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Владимир Зеленский: Бид боломжгүй зүйлийг ч хийнэ
Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский энэ сарын 20-нд тангарагаа өргөлөө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Дээд Радагийн танхимд болж, Зеленский дэлхий дахинд байгаа бүх украинчууддаа хандан “Та нар бидэнд маш их хэрэгтэй. Шинэ, хүчирхэг, амжилттай Украиныг бий болгоход бэлэн байгаа бүх хүнд би баяртайгаар Украины иргэншил олгох болно. Та бүхэн Украинд зочны хувиар биш гэртээ ирж байгаа юм шиг ирэх болно. Бид та бүхнийг хүлээж байна. Хилийн чинадаас бэлэг дурсгал авчрах хэрэггүй. Бидэнд мэдлэг, туршлага, оюун ухааны үнэ цэнээ авчраарай” гэсэн юм. Тэрбээр энэ бүхэн нь Украинд шинэ эрин үеийг авчрах болно гэж үзэж байгаа аж. Украины шинэ Ерөнхийлөгч түүнчлэн “Үл итгэгчид миний ярьж байгааг уран зөгнөл, боломжгүй зүйл гэж хэлнэ. Гэхдээ үүнд л манай үндэсний үзэл санаа байж болох юм. Бид нэгдээд боломжгүй зүйлийг ч хийнэ” гэсэн нь олон улсын анхаарлыг татав.
Украины Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадны улс орноос зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тухайлбал, Гүрж, Латви, Литва, Эстони, Унгарын Ерөнхийлөгч нар болон Молдав, Азербайжаны Ерөнхий сайд нар, Туркийн дэд Ерөнхийлөгч, АНУ-ын Эрчим хүчний сайд, Канадын Батлан хамгаалахын сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах зэрэг зочид оролцсон байна. Тэгвэл ОХУ Украины Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын урилгыг хүлээж авахаас татгалзжээ.
41 настай Владимир Зеленскийн талаар товч мэдээлэл хүргэхэд, тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Зеленский багадаа Монголд амьдарч байв. Түүний аав, ээж нь Монголд ажиллах үеэр Зеленский Эрдэнэт хотод нэгдүгээр ангиа төгсч байсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр “Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай. Боломжгүй зүйл гэж байхгүй” гэсэн билээ. Зеленский улс орноо авлигаас ангижруулж, Донбасст энх тайван тогтоохоо амлаж байгаа юм.
Япон тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүний дутагдлыг нөхнө
Японы Батлан хамгаалах яам чөлөөнд гарсан цэргийн алба хаагчдыг дахин хөлслөх замаар тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүний дутагдлыг нөхнө гэж өнгөрч буй долоо хоногийн эхээр “Ёмиүри” сонинд бичжээ. Чөлөөнд гарсан ахмад алба хаагчдыг хамгийн эхэнд туслах хөлөг онгоц болон боомтын үйлчилгээний албанд ажиллуулах аж. Ингэснээр илүү олон тооны залуу алба хаагч цэргийн усан онгоц болон шумбагч онгоцонд үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Японы Батлан хамгаалах яам үзэж байгаа гэнэ. Бие бялдрын хувьд тэнцэх алба хаагчид 65 нас хүртлээ үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа аж.
Японы Батлан хамгаалах яам түүнчлэн бие бүрэлдэхүүний дутагдлыг нөхөхийн тулд өөр арга хэмжээнүүд авч байна. Тухайлбал, цэргийн усан онгоцны баг, бүрэлдэхүүний тоог цөөлөх үүднээс автоматжуулсан системийг нэвтрүүлж байгаа аж. 2017 онд гэхэд тус яам зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд алба хааж буй эмэгтэйчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр, эмэгтэй алба хаагчид бие бүрэлдэхүүний 12 хувийг эзлэх болсон байна. Түүнчлэн, шумбагч онгоц, танк, явган цэрэг болон шүхэр десантын анги нэгтгэлд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тооны хязгаарлалтыг цуцалжээ.
Ассанжийн ял нэмэгдэх үү?
Шведийн Прокурорын газар өнгөрч буй долоо хоногийн эхээр “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлах зөвшөөрөл хүссэн билээ. Түүнийг хүчирхийллийн хэргээр эчнээгээр баривчлах зөвшөөрлийг тойргийн шүүхээс хүсч, шүүх баривчлах шийдвэр гаргавал Шведийн талд шилжүүлж өгөх, Европт баривчлах зөвшөөрлийг хүсэх үйл явцыг эхлүүлнэ гэсэн юм. Жулиан Ассанж 2010 онд Шведэд бэлгийн дарамт болон хүчирхийллийн хэрэгт буруутгагджээ. Түүнийг өнгөрсөн сард АНУ болон Шведийн хүсэлтээр баривчилсан юм.
Тэгвэл АНУ өнгөрсөн баасан гарагт Жулиан Ассанжийг нэмж 17 зүйл ангиар буруутгалаа. Түүнийг нууц мэдээллийг хууль бусаар авч, задруулахтай холбоотой 17 зүйл ангиар дахин буруутгаж, 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болоод байна.
Сирид буун дуу гарсаар байна
ОХУ болон Сирийн цэргийнхэн өнгөрч буй долоо хоногийн эхээр Голаны өндөрлөгийн ойролцоох Эль-Кунейтра мужид цэргийн сургуулилт хийв. Тус хотыг саяхан хэт даврагчдаас чөлөөлсөн билээ. Гэвч Сирид буун дуу гарч, энгийн иргэд амиа алдсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд зургаан хүн амиа алдсан талаар НҮБ-аас мэдээлжээ. НҮБ Оросын зэвсэгт хүчнийхний үйл ажиллагааны ачаар 2018 оны наймдугаар сард анх удаагаа Оросын цэргүүдийн хамт эргүүл хийсэн талаар цэргийн сургуулилтыг удирдсан Владимир Ивановский “РИА Новости” агентлагт ярьжээ. Оросын цэргийн алба хаагчид цэрэггүй бүсэд нөхцөл байдлыг хянаж, гал зогсоох дэглэм тогтоохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн дайчдаас чөлөөлсөн Шахта хотыг сэргээж, сайжруулах үйл ажиллагаа эхлэх гэнэ.
Доналд Трампын хурц мэдэгдлүүд
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө Иран, БНХАУ болон ОХУ руу чиглэсэн эрс мэдэгдэл хийсэн. Тэрбээр ОХУ-ыг кибер дайралт хийсэн гэж буруутгаад Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй гэв. Мөн худалдааны гэрээг нураасан гэж Бээжинг буруутгалаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний өрсөлдөгч болж магадгүй байгаа Жо Байденыг Хятадтай холбоотой гэж мөрдлөг явуулахыг дэмжиж буй. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Трампын эдгээр мэдэгдэл нь дэлхийн томоохон тоглогчдод шахалт үзүүлэх, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын байр суурийг сулруулах зорилготой. Трамп дайныг хүсэхгүй байгаа ч Тегераныг цөмийн зэвсэгтэй байлгахыг хүсэхгүй байгаа юм. Мөн АНУ-ын сонгуулийн үйл явцыг хамгаалахын тулд Оросын компаниудад хориг тавьжээ. Бээжинг буруутгасан тухайд, 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нь болох магадлалтай байгаа Дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг Хятадын засаг захиргаатай холбоотой гэж хардаж буйн бас нэгэн илрэл нь аж. Тэрбээр 2020 оны сонгуульд одооноос бэлтгэж буй. Тэрбээр АНУ-ын дайснууд гэж үздэг улс орнууд руу давшлах төлөвлөгөөтэй байж болох. Олон улсын хүмүүнлэгийн ба улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Брутерын дүгнэж буйгаар Трамп АНУ өөрөө буулт хийдэггүй ч бусад улс орнуудаас нэр хүнд, давамгай байдлыг нь хүлээн зөвшөөрөхийг шаарддагийг харуулжээ. Мөн “Тэд дайснаа хатуу хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж, дараа нь үүнийх нь төлөө тэднийг шийтгэнэ” гэж шинжээч дүгнэж байна.
Мөн сонгуулийн кампанит ажлын өмнө Жо Байдены хүү Хантер Хятадын банктай нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, түүний хөрөнгө оруулалтын компани Хятадын эрх баригчдын иргэдээ тагнахдаа ашигладаг Face ++ технологийг хөгжүүлж байна гэх дуулианыг эргэн сөхөж байна. Трамп “Жо Байден Хятад улс бидний өрсөлдөгч биш гэж ярьдаг. Гэхдээ тэд бол манай том өрсөлдөгч. Тэд дэлхийг захирахыг хүсч байна. Ойлгож байна уу? Тэдэнд 2020 онд, 2025 онд төлөвлөгөө байна” гэжээ.
Энэтхэгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг улстөрч
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ардчилсан сонгуульд түүхэнд ялалт байгуулах нь тодорхой болж байна. Ингэснээр Хиндү үндэстний лидер өөрийгөө энэ зууны эхэн үеийн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг улстөрч болохоо харуулж байгааг ажиглагч, судлаачид бичиж байна. Модигийн тэргүүлдэг эрх баригч Бхаратиа Жаната намын жижиг намуудтай хамтран байгуулсан эвсэл парламентын сонгуульд олонхын суудал авах нь тодорхой болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн 11 үе шаттай сонгуулиар Модигийн нам тус улсыг 72 жилийн туршид удирдсан Үндэсний Конгресс намын хооронд гол өрсөлдөөн болсон юм. Энэтхэгийн парламентын доод танхимын сонгуулийн 542 тойргоос ирсэн саналыг тавдугаар сарын 22-ны өдөр орон нутгийн цагаар 08.00 цагаас тоолж эхэлжээ. Урьдчилсан дүнгээс үзвэл Бхаратиа Жаната нам 2014 оны сонгуулиар дөнгөж хоёр суудал авч байсан Баруун Бенгал мужид 20 гаруй суудал авсан байна.
Энэтхэгийн улс төрд өндөр нэр хүндтэй Модигийн тэргүүлсэн Хиндү үндэстний ноёрхлын эрин үе орж ирж байна. Гэхдээ Бхаратиа Жаната намын амжилт Энэтхэгийн шашны цөөнхийн сэтгэлийг түгшээж буй. Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн дунд 2008 онд исламын шашинтай зургаан хүний аминд хүрсэн тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэгт шалгагдаж буй, Хиндү шашны гэлэнмаа Прагия Сингх Тхакур бий. Шинжээч нар “Модитой эн тэнцэх улстөрч сөрөг хүчний намуудад алга” гэж дүгнэжээ. Модигийн нэр хүнд түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлттэй байгаа аж. Энэтхэгийн ард түмэн түүнд итгэл хүлээлгэсэн хэвээр. 2014 онтой харьцуулахад Модигийн рейтинг өссөн гэж судлаачид ярьж байна.
Нарендра Моди үндэсний аюулгүй байдлын асуудалд гол анхаарлаа хандуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Моди дахин сонгогдох нь Энэтхэгийн эдийн засагт хүчтэй дохио болох нь тодорхой гэж ажиглагчид дүгнэж байна. Сүүлийн хоёр орчим жил зах зээл дээр тодорхойгүй, тогтворгүй байдал ноёлж, Модигийн Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдэгт эргэлзэж байсан бол сонгуульд дахин ялалт байгуулснаар энэ байдлыг өөрчлөх боломжтой болж буй.
Индонезчүүд жагсав
Индонезид энэ сарын 22-нд бүх нийтийн сонгуулийн дүнг зарласны дараа нийслэл Жакарта хотод олон нийтийг хамарсан жагсаал боллоо. Энэ үеэр зургаан хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хотын захирагч иргэддээ тайвнаар жагсахыг уриалж, хууль, хүчнийхэнд хандан тэвчээртэй байхыг хүссэн ч 50 гаруй хүнийг баривчилсан байна.
Индонезчүүд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон үндэсний парламентын гишүүдийг сонгосон билээ. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн саналаар ялалт байгуулсан бол Индонезийн Дэд ерөнхийлөгчөөр Мааруф Амин сонгогдоод байна.
Энэтхэг тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулав
Энэтхэгийн сансар судлалын байгууллага өнгөрч буй долоо хоногт “RISAT-2B” тагнуулын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай орууллаа. Энэхүү хиймэл дагуул нь өтгөн үүлтэй нөхцөлд ч ажиглалт хийх чадалтай аж. 615 кг жинтэй хиймэл дагуул бүхий “PSLV-C46” пуужин тээвэрлэгчийг Бенгалын хоолой дахь Шрихарикота арлаас хөөргөжээ. “RISAT-2B” цаг агаарын ямар ч нөхцөлд, шөнө, өдөр ажиглалт хийнэ.
Энэтхэг улс хамгийн сүүлийн үеийн тагнуулын хиймэл дагуулын тусламжтайгаар нарийн мэдээлэл авч, хөдөө аж ахуй, модны аж ахуйн хэрэгцээнд ашиглаж, байгалийн гамшгийн талаар мэдээлэл авах юм.
НАТО ОХУ-ыг буруутгасан нь
НАТО-гийн Цэргийн хорооны тэргүүн Стюарт Пич энэ сарын 23-нд Хойд Атлантын цэргийн холбоо урьдын адил Крымийг Оросын харьяаных гэж хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдлээ. НАТО ийнхүү ОХУ-ыг Крымийн хойгийг орхихыг уриалав. “Бид хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орост хандан Крымийг орхиж, Украины зүүн хэсэгт дайчдыг дэмжихгүй байхыг уриалсаар байх болно” гэжээ. НАТО мөн ОХУ-д хандан Украины далайчдыг суллахыг шаардаж буй. 2018 оны 11 дүгээр сард Оросын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгагдан баривчлагдсан Украины 24 далайчин, гурван хөлөг онгоцыг нэн даруй суллахыг НАТО өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа шаардлаа. ОХУ Украины хөлөг онгоц болон цэргийн алба хаагчдын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ НАТО нэг бус удаа мэдэгдээд байна. Далайн тухай хууль тогтоомжийн олон улсын шүүхээс ч ОХУ-д хандан Украины далайчдыг нэн даруй суллахыг шаарджээ.
ОХУ Крымийг Украинд эргүүлж өгөх тухайд саяхан тангарагаа өргөсөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч Крымийн хойгийг Киевийн хяналтад эргүүлэн авна гэсэн юм. Тэгвэл Москвагийн зүгээс ийм зүйл байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь Крымийг ОХУ-д нэгдэхийг дэмжиж байна гэсэн санал өгснөөр Оросын харьяаных болсон билээ.
Ливийн дайн
Ливийн үндэсний арми өчигдөр /2019.05.25/ нийслэл Триполи хотын өмнөд болон зүүн зүг рүү давшиж эхэлжээ. Тус улсын Үндэсний армийн командлагч Халифа Хафтар өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Триполи хотыг алан хядагчдаас чөлөөлөхөөр давшилт хийх тушаал өгсөн билээ. Триполи дахь Засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд “Уур хилэнгийн галт уул” гэх хариу ажиллагааг эхлүүлжээ. Одоо Ливийн нийслэл орчмын байрлалын төлөөх тулаан болж байгаа аж. Тулааны улмаас 450 гаруй хүн амиа алдаж, 2.1 мянган хүн шархаджээ.
Эверестэд түгжрэл үүсэв
Эверест ноён оргилын “үхлийн” гэгддэг бүсэд уулчдын “түгжрэл” үүсч, дөрвөн уулчин амиа алджээ. Балба улс энэ жил дэлхийн хамгийн өндөр ноён оргил руу авиралт хийх 381 зөвшөөрөл олгосон нь ийнхүү аюулд хүргэсэн бололтой. Мөн авиралтын улирлын үеэр тэр бүр олдоод байдаггүй цаг агаарын тааламжтай нөхцөл сүүлийн хэдэн өдөр тохиожээ. Уулчид Эверест ноён оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр “дайралт” хийж байгаа аж.
Эверестэд Энэтхэгийн хоёр, Балбын нэг, Австрийн нэг уулчин амиа алдаад байна. Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын уулчин Эверестийн оргилд зураг авах гэж байгаад амиа алдсан бол Энэтхэгийн уулчин түгжрэлийн улмаас удаан хугацаанд хүлээснээр бие нь сульдаж, буух явцдаа амиа алджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913