ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 16

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал, АНУ, Хятадын худалдааны асуудал зэрэг олон чухал үйл явдал боллоо. Тэдгээрийг тоймлон хүргэж байна.

“Huawei”-д хоёр жилийн хугацаа өгөв

Цагаан Ордон өнгөрч буй долоо хоногт АНУ-ын компаниудад хандан БНХАУ-ын “Huawei” компанитай бизнес, хамтын ажиллагаагаа зогсооход хоёр жилийн хугацаа өглөө. Уг хоригийг зөрчвөл хуулийн дагуу арга хэмжээ авч, холбооны түвшинд гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг нь цуцлах аж. АНУ-ын Худалдааны яам өнгөрсөн тавдугаар сард Хятадын “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн гэж үзэж, хар жагсаалтад оруулсан билээ. Энэхүү хоригийн улмаас “Huawei” америк үйлдвэрлэгчдийн технологи, бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй, мөн АНУ-д бизнес эрхлэх эрхгүй болсон юм. Тавдугаар сарын 19-нд “Google” компани “Huawei”-д том цохилт өгснөөр тэд “Android” систем ашиглах эрхгүй болж, шинэ гар утсандаа “Google Play”, “Chrome, Gmail”, “YouTube” суулгаж чадахгүй болсон. Мөн Америкийн “Microsoft”, Их Британийн “ARM” Хятадын талтай харилцаагаа зогсоосноо зарласан билээ.

БНХАУ Элчин сайд нараа шинэчиллээ

Хятадын дарга Си Жиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны тогтоолыг үндэслэн гадаадад суугаа Элчин сайд нарыг чөлөөлж, шинээр томиллоо. Тухайлбал, Чэн Юн-Ухаг Япон улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын тушаалаас буулгаж, оронд нь Күн Шюань-Иүг, Тан Вэйбинийг Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын тушаалаас буулгаж, Ван Лийг Код-д'Ивуард суух Элчин сайдын тушаалд,  Данийн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэн Иний оронд Фэн Тег томилжээ.

Түүнчлэн Ирланд, Нидерланд, Итали, Мексик, Антигуа болон Барбуда улсуудад БНХАУ-ыг төлөөлж байсан Элчин сайдуудаа эргүүлэн татаж, томоохон өөрчлөлт хийжээ.

Турк улс АНУ-ын ятгалгад орохгүй

Турк улс Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авахыг АНУ эсэргүүцэж, худалдан авалт хийвэл сайн зүйл болохгүй гэж сүрдүүлж байсан билээ. Тэгвэл Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнгөрч буй долоо хоногт Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы захидал Туркийг Оросоос зенитийн пуужингийн комплекс “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй талаар мэдэгдэв. “Бид “С-400”-г худалдаж авна гэж яриагүй. Бид аль хэдийнээ авсан. Хэрвээ АНУ “С-400” болон “F-35”-ын асуудлаар санаа зовниж байгаа бол хамтарсан ажлын баг гаргаж, мэргэжилтнүүд энэ асуудлыг судлаг л дээ. Тийм захидлын дараа Турк улс “С-400” авахаас татгалзахгүй. Бид энэ захидалд хариу бэлтгэж байгаа” гэж Гадаад хэргийн сайд ярьжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Оросын зенитийн пуужингийн системийг авах асуудал хаагдсан, “С-400” ирэх долоодугаар сард нийлүүлэгдэнэ гэсэн байна.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болов

Киргиз улсад энэ сарын 13-14-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтыг гадаад, дотоодын 500 гаруй сэтгүүлч сурвалжилжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Си Жиньпин Киргизэд төрийн айлчлал хийсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын албан ёсны айлчлал хийлээ. Уулзалтаар ШХАБ-ын банк байгуулах, байгаль орчин, эдийн засгийн 20 гаруй асуудлыг хэлэлцэв.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Харин Афганистан, Беларусь, Иран болон Монгол Улс ажиглагчаар оролцдог юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр 20 орчим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ.

Хонконгт болсон жагсаалын үр дүн гарав уу?

Хонконгт энэ сарын 10-нд сэжигтэй этгээдүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсаалд сая гаруй хүн оролцсон байна. Жагсаал цуглааны үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Долоон хүн баривчлагдсан байна.

БНХАУ-аас өөртөө засах эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа аж. Хэрвээ ийм гэрээ хийвэл Бээжингээс хэт хараат болно гэж үзэж байгаа гэнэ. Тэгвэл жагсаалын үр дүнд Хонконгоос Хятадад гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт хоёр удаа цуцлагджээ. “Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг Хонконгийн хууль тогтоох байгууллага хэлэлцэж чадсангүй хойшлууллаа” гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг зургаадугаар сарын 20-нд товлосон ч дахин хойшлох магадлал өндөр байна. Учир нь Хонконгийн иргэд энэ үеэр дахин тэмцэл өрнүүлэхээр бэлдэж байгаа аж. Эсэргүүцэгчдийн тоо цөөн байсан ч эрх баригчид аюулгүй байдлыг хангахаар өнгөрсөн долоо хоногийг дуустал засаг захиргааны байраа хаажээ. Тус байрны ойролцоох худалдаа, үйлчилгээний газрууд мөн ажиллаагүй байна. Мөргөлдөөний үеэр 79 хүн гэмтэж бэртжээ. Хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Гэмт этгээдийг Хятадын талд шилжүүлбэл шударга бусаар шийтгүүлэх магадлал өндөр гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байгаа юм. Иймээс хэрэгтэн шилжүүлэх хууль нь Хонконгийн бие даасан байдлыг алдагдуулж, санхүүгийн өрсөлдөх чадвар, нэр хүндийг унагана гэж тэд болгоомжилж байгаа аж.

АНУ-ын компаниуд Хятадын барааны татварыг нэмэхгүй байхыг уриалав

АНУ-ын 600 гаруй компани өнгөрч буй долоо хоногт Хятадын барааны татварыг нэмэхгүй байхыг Доналд Трампын засаг захиргаанд уриаллаа. “Walmart”, “Costco”, “Target”, “Macy’s” тэргүүтэй АНУ-ын 600 гаруй том жижиг компани Трампын засаг захиргаанд хандаж захидал бичжээ. Уг захидалд худалдааны дайны хүрээнд Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулахгүй байхыг уриалсан байна. Хэрвээ ингэвэл Америкийн хэрэглэгчид, бизнесүүд, фермерүүд, эдийн засагт урт хугацаанд үргэлжлэх сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолжээ.

“Хятад улстай хийдэг худалдаанд эртнээс бий болсон бүтцийн асуудлуудыг цэгцэлж, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх засгийн газрынхаа бодлогыг бид дэмждэг. Гэхдээ энэ зорилт Америкчуудад дарамт болохгүйгээр шийдэгдэх боломжтой гэдэгт бид итгэж байна” гэж тус захидалд өгүүлсэн байна.

Одоогоор Хятадын 200 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар үйлчилж байгаа юм. Доналд Трамп цаашдаа дахин 300 тэрбум ам.долларын дүнтэй бараанд ижил татвар ногдуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ удаа илүү өдөр тутмын хэрэглээний эд барааны татвар нэмэгдэх тул америкчуудын үүрэх ачаа нэмэгдэх юм. Захидалд “Хятадын шударга бус худалдааны арга барилыг өөрчлөхийн тулд өргөн хүрээг хамарсан татвар ногдуулах нь үр дүнтэй арга биш. Татварыг үнэндээ Хятад улс биш, харин энд гарын үсэг зурсан компаниуд төлөхөөр болоод байна” гэж анхааруулжээ.

БНАСАУ-д 102 жил үзэгдээгүй ган болж байна

БНСУ-ын Засгийн газраас өнгөрч буй долоо хоногт БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхэд шаардлагатай найман сая долларыг НҮБ-ын дансанд шилжүүлнэ гэж “Yonhap” агентлаг мэдээлсэн. Энэ жил Хойд Солонгост 102 жил үзэгдээгүй том ган болсон байна. 2019 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 15 хүртэл тус улсад ердөө 56.3 мм хур тунадас оржээ. Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдийг цэвэр усны шинэ эх үүсвэр хайж олох, ган гачигтай тэмцэхийг уриалж байгаа юм. “World Food Programme” төслийн ажилтнуудын мэдэгдсэнээр БНАСАУ-д 10 сая хүн хүнсний дутагдалд ороод байгаа аж. 2018 онд цаг агаарын таагүй нөхцөлөөс болж ургац муу хураасан, хэрэв энэ жил дахин ургац авахгүй бол тус улсад өлсгөлөн нүүрлэх гэнэ.

Касым-Жомарт Токаев Казахстаны Ерөнхийлөгч болов

Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн өнгөрч буй долоо хоногийн эхээр гарч, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялах нь тодорхой болоод байна. Тэрбээр урьдчилсан дүнгээр сонгогчдын 70.76 хувийн саналаар тэргүүллээ. Токаев бусад зургаан нэр дэвшигчээ ардаа хол орхив. Түүний ард Амиржан Косанов 15.5 хувийн саналтайгаар хоёрт явж байгаа бол гуравт цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Дания Еспаева 5.32 хувийн саналтайгаар явж буй. Үлдсэн нэр дэвшигчид нь 4 хувиас их санал авч чадаагүй юм. 66 настай Касым-Жомарт Токаев нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тэргүүлдэг Нур Отан намаас нэр дэвшсэн билээ.  Казахстаны Ерөнхийлөгч нь таван жилийн хугацаатайгаар сонгогддог. Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­лагын ажиглагчдын комиссын даргын мэдээлснээр сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй байна. Мөн албаныхны мэдэгдсэнээр сон­гуу­лийн өмнөх кампанит ажил соёлтой явагджээ. “Энэ нь Казахстанд улс төрийн соёл маш өссөнийг харууллаа” гэсэн байна. Сонгуулийг гадаад, дотоодын нийт 300 гаруй ажиглагч ажиглажээ.

Токаев ард түмэндээ хандан түүнд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Миний үүрэг бол анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хийж бүтээснийг хадгалж, шинэчлэлийн замаар урагшлах юм” гэлээ.

Гэвч Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд тус улсыг 30 орчим жил удирдсан Нурсултан Назарбаевын залгамжлагчийг сонгох түүхэн сонголтын үеэр эсэргүүцлийн жагсаал хийв. 500 орчим иргэн баривчлагджээ. Тэднийг зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж баривчилсан байна. Сонгуулийг эсэргүүцэгчид санал хураалтыг шударга бус, чөлөөт биш байна гэжээ. Харин Касым-Жомарт Токаев “Сонгуулийн үйл явц нээлттэй, ардчилсан замаар явагдаж байна” гэсэн юм.

Венесуэл шинэ мөнгөн дэвсгэртүүд гаргав

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Венесуэл улсын төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлав. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байсан билээ. Хэт инфляцийн улмаас бэлэн мөнгөний хомсдол үүссэнийг ийм аргаар эмчилж байжээ. Тэгвэл жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10000, 20000, 50000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байна. Хамгийн том дэвсгэрт болох 50000 боливар нь найман доллар орчимтой тэнцүү ханштай. Гэтэл Венесуэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 40000 боливар байгаа юм.

2018 оны шинэчлэлийн дараа Боливарын хамгийн том дэвсгэрт 500 болж байжээ. Тавдугаар сарын инфляцийн хэмжээ энэ улсад 815 мянган хувь хүрсэн юм. Энэ оны эхээр инфляц 1.7 сая хувь хүрсэн нь оргил үзүүлэлт байв. Венесуэлийн эдийн засгийн доройтлыг АНУ-ын эдийн засгийн хоригоос үүдэлтэй гэж Николас Мадуро тайлбарладаг. Харин түүнийг шүүмжлэгчид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд газрын тосны орлогыг буруу зарцуулж, үрэн таран хийсний үр дүн гэж үздэг юм.

АНУ Польшт цэрэг нэмж илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудаг хүлээн авч уулзаж, тус улсад 1000 цэрэг нэмж илгээхээ амлав. Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Дуда “Орос улс дахин түрэмгий, дайсагнагч, эзэнт гүрний нүүр царайгаа харуулж эхэллээ. Энэ улс манай газар нутагт үргэлж санаархсаар ирсэн” гэжээ. Мөн Москвагийн түрэмгийллийн эсрэг зогсохын тулд Өрнөдтэй хамтран ажиллах нь Варшавын хувьд чухал болохыг онцолсон байна. Тэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, АНУ-д үйлдвэрлэсэн “F-35” сөнөөгч онгоцыг Цагаан ордны дээгүүр нисэн өнгөрөхийг хамтдаа үзэж сонирхжээ.

Польшийн Ерөнхийлөгч өөрийнх нь газар нутагт байрлах АНУ-ын цэргийн баазад “Fort Trump” гэх нэр өгөх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дуулгасан байна.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа 2016 оноос эхлэн НАТО-гийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ цэргээ Польш улсад байрлуулах болсон юм. Тэгвэл энэ удаа хүчийг нь зузаатгаж, дахин 1000 цэрэг илгээхээр болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top