ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 04

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон чухал, анхаарал татсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Эдгээрээс дэлхий нийтийн анхаарлын төвд байж, сэтгэл түгшээсэн үйл явдал нь ОХУ-ын Сибирийн ойн түймэр байлаа.

Нигерид халдлага болов

Исламын “Боко Харам” бүлэглэлийнхэн өнгөрч буй долоо хоногт Нигерид болж байсан оршуулгын ажиллагааны үеэр халдлага үйлдэв. Тэд 65 хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари цэргүүддээ агаараас эргүүл хийх үүрэг өгч, халдлага хийсэн этгээдүүдийг газраар хайх ажиллагааг эхлэхийг тушаажээ.

“Исламын улс”-д үнэнч байна гэж тангарагладаг “Боко Харам” зэвсэгт бүлэглэл нь өнгөрсөн оны есдүгээр сард Нигерийн армийн 30 цэргийн аминд хүрсэн билээ.

Оросын сөрөг хүчний тэргүүнийг хордуулав уу?

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг баривчилсан билээ. Тэгвэл түүнийг үл мэдэгдэх химийн бодисоор хордуулсан байж болзошгүй шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэсэн талаар хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш нь мэдээлжээ. Навальныйг урьдчилан саатуулах төвөөс эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг үл мэдэгдэх химийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэж Кира Ярмыш тодруулаад эмч нар Навальный руу эргэлт оруулахгүй байгаа гэж ярьжээ. 2017 онд Навальный руу халдварын эсрэг хэрэглэдэг ногоон бодис цацсаны улмаас түүний нэг нүд 80 хувийн хараагаа алджээ.

Түүнийг ОХУ-ын жагсаал цуглааны тухай хуулийн зөрчсөн хэргээр 30 хоног хориод байгаа юм. Навальный Москва хотын Думад сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тэмцлийн жагсаал хийхийг уриалж байжээ. Ням гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч өөрийн Твиттер хуудаснаа Найвальныйн нүүр нь хүчтэй хавагнаж, арьс нь улайсан гэж бичээд Навальный өмнө нь хэзээ ч харшилтай байгаагүй гэж онцолжээ. Түүнд шаардлагатай эмнэлгийн туслалцаа үзүүлж буй бөгөөд цагдаагийнхны хамгаалалтад байгаа гэж тодруулжээ.

Пакистанд цэргийн онгоц сүйрлээ

Пакистанд өнгөрсөн даваа гарагийн шөнө онгоц сүйрч, 15 хүний амь үрэгдлээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн 10 нь зорчигч бол тав нь нислэгийн багийн гишүүн аж. Мөн “News International” хэвлэлд мэдээлснээр онгоц Пакистаны армийн нисэх хүчнийх байжээ. Онгоц сургуулилтын нислэг үйлдэж байсан гэж албаныхан ярьсан байна.

Онгоц Равалпинди хотын хүн ам оршин суудаг дүүрэгт унажээ. Агаарын хөлгийн сүйрлийн дараа гал гарч, хэд хэдэн барилгыг хамарсан байна.

Японд хэт халалтаас болж иргэд амиа алдаж байна

Японд хэт халалтын улмаас хамгийн багадаа 11 хүн амиа алдаж, 5.6 мянган хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа талаар өнгөрч буй долоо хоногт мэдээлжээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд болсон хэт халалтад өртөгсдийн тоо юм. Тус улсын Гал түймрийн удирдах албанаас мэдээлснээр дээрх тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад гурав дахин өссөн нь энэ аж.

Японд өмнө нь хоногт 400 хүн хэт халалтад өртөж эмнэлэгт хандаж байжээ. Жил бүрийн долоодугаар сард тус улсад хэт халалт болж, иргэд амиа алдах, гүн шоконд орох зэргээр хохирсоор байдаг билээ.

Хятадад цуврал алуурчныг цаазлав

БНХАУ-д гэмгүй хүн цаазлуулж байсан гэмт хэргийн эзэн болох цуврал алуурчныг өнгөрсөн сарын 30-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын шүүх цаазаар авлаа. Жао Жихонг гэгчид 2015 онд ялын дээд хэмжээ оноож байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэсэн байна. Үүнээс өмнө 1997 онд цуврал аллага үйлдсэн хэмээн 18 настай залууг хилсээр буруутган цаазалсан бөгөөд 2014 онд нэхэн цагаатгасан байна. Цуврал алуурчин 1996-2005 оны хооронд зургаан аллага, 10 хүчингийн хэрэг үйлдэж, бага насны хоёр хүүхдийг хүчиндсэн зэрэг гэмт хэрэг үйлджээ. Тэрээр цаазлуулахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас татгалзсан байна.

Олон улсын “Amnesty International” байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд Хятад улс гүйцэтгэсэн ялын дээд хэмжээний тоогоор дэлхийд тэргүүлжээ. Энэ талаарх мэдээлэл нууц байдаг тул тодорхой тоо нэрлээгүй бөгөөд олон мянгаар хэмжигдэнэ гэж онцолсон байв. Хятадын дараа Иран дор хаяж 253, Саудын Араб 149, Вьетнам 85, Ирак 52 хүнийг цаазаар аваачжээ. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн цаазын ялын тоо 31 хувиар буурсан байна. 2017 онд 993 хүн цаазлуулж байсан бол 2018 онд энэ тоо 690 болон цөөрч, сүүлийн 10 жилд анх удаа хамгийн доод хэмжээнд хүрсэн аж.

Хонконгчууд эсэргүүцэл илэрхийлсээр байна

Хонконгт сүүлийн хэдэн долоо хоногт гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал үргэлжилж байна. Олон нийтийн шахалт, шаардлагаар Хонконгийн Ерөнхий захирагч Кэрри Лэм хуулийн төслийг татаж авсан ч жагсаал үргэлжилсээр байгаа юм. Сүүлийн үед засгийн газрын эсрэг тэмцэл улам бүр хурц хэлбэрт шилжин, хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинен сум хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч хүчнийхэн үймээн дэгдэгчдийг баривчлах арга хэмжээ авахаас түдгэлзээд байгаа юм.

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бус Хонконгийн оршин суугчид эсэргүүцлээ хууль, нийгмийн хэв журмыг зөрчин илэрхийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тамгын газрын Хонконг, Макаогийн асуудал хариуцсан албан ёсны төлөөлөгч Ян Гуан мэдэгдсэн. Хятадын төв засгийн газар Хонконгийн цагдаа болон эрх бүхий байгууллагуудын хуулийн дагуу зөрчил, хүчирхийллийг таслан зогсоох талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж байна. Хууль бус үйлдэлд буруутай этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Нийгэмд үүсээд буй мөргөлдөөнийг цаг тухайн нь зохицуулахдаа Хонконгийн оршин суугчдын аюулгүй байдал, тэдний өмч хөрөнгийг хамгаалах нь чухал. Энэ нь аль ч улс оронд нийгмийн тогтвортой байдлыг хангах гол үндэс юм гэж тэрбээр онцолжээ.

Барууны зарим улс орны улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийж, үймээн самууныг дэмжиж байна. Хонконг дахь тогтвортой байдлыг алдагдуулах, ингэснээр БНХАУ-ын хөгжлийн үйл явцыг сааруулах аливаа оролдлого олон улсын хууль, эрх зүйтэй харшилж байгаа бөгөөд амжилтад хүрэхгүй гэж Ян Гуан анхааруулжээ.

Хонконгт үүсээд буй нөхцөл байдал тус онцгой бүсийн санхүү, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Хурцадмал байдлыг намжаахгүй аваас жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлалын салбарт ихээхэн хэмжээгээр өртөх эрсдэл өндөр байна гэж мэдэгдэлд дурджээ. Хонконгийн хууль, хэв журам сахиулах байгууллагуудын ажилтнуудын гэр бүлд интернетээр дамжуулан дарамт үзүүлэх явдал нэмэгдэж байна. Хонконгийн цагдаагийн албаныхан нийгмийн хэв журмыг сахиулахын тулд асар их хүчин чармайлт гаргаж, мэргэжлийн тэсвэр тэвчээр гарган үүргээ биелүүлж байна гэж Ян Гуан онцолжээ.

“Apple” компани “Intel”-ийн бизнесийг худалдаж авсан нь анхаарал татав

“Apple” компани өнгөрч буй долоо хоногт “Intel”-ийн модемын бизнесийг нэг тэрбум ам.доллароор худалдан авсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Харин энэ том наймаа хоёр том компанийн алинд нь ашигтай вэ гэдэг дээр шинжээчид санал зөрж байгаа юм. Нэг хэсэг нь “алимууд” чанартай сайн бизнесийг бараг үнэгүй авчихлаа гэж байгаа бол зарим нь “Intel” алдагдалтай салбараа амжилттай борлууллаа гэж дүгнэж байна. “Apple”-ийн хувьд энэ нь түүний хоёр дахь том наймаа болж байгаа. Тэд 2014 онд чихэвч, өсгөгч үйлдвэрлэгч “Beats” брэндийг гурван тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм. Гэрээ ёсоор “Intel”-ийн хоёр мянган ажилтан “Apple”-д орж ирнэ. Гэхдээ зөвхөн ухаалаг утсанд зориулсан модем үйлдвэрлэгч салбарыг л худалдан авсан гэдгийг дурдах хэрэгтэй. “Intel” ухаалаг утаснаас бусад цахилгаан хэрэгслийн 5G модемоо урьдын адил үйлдвэрлэсээр байх болно. Өөрийн гэсэн модемтой болохыг олон жил мөрөөдсөн Apple-д энэ наймаа ашигтай байх нь гарцаагүй. Учир нь гэрээ ёсоор утасгүй технологийн 17 мянган патент тэдний гарт орж ирнэ. Мөн 2020 оноос шинэ бүтээгдэхүүндээ 5G технологи нэвтрүүлэхэд тус болно. Ойрын ирээдүйд өөрийн чип гаргаж чадвал бусдын хамаарлаас гарах ашигтай. Харин энэ жил гаргахаар зарлаад байгаа гурван шинэ утсандаа нэвтрүүлж амжихгүй, Qualcomm модем суулгана. Ингэхээр энэ шинэ гурван ухаалаг утасны борлуулалт саатах нь тодорхой ч алс ирээдүйд ашигтай наймаа болжээ.

“Apple” модемтой болсноор “Qualcomm”-ийн хамаарлаас ангижирч, ухаалаг утсаа гаднын ямар ч үйлдвэрлэгчийн оролцоогүй бие даан гаргаж чадах болно.  Ингэснээр iPhone-г тойрсон үйлдвэрлэлийн босоо гинж үүснэ гэсэн үг. “Intel”-ийн чип үйлдвэрлэх патентууд, тус компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 5G технологийн ачаар бүтээгдэхүүний чанараа улам сайжруулж чадна. Харин зарим шинжээч “Intel” компани аргагүй байдалд ороод бизнесээ зарсан гэж үзсэн. “Enderle Group”-ын мэргэжилтэн Роб Эндерли “Оюуны энэ том өмчийг ганцхан тэрбум ам.доллароор зарсан нь алдаатай наймаа байлаа. Гэхдээ тэд ашиггүй салбараасаа хурдан салах гээд “Apple”-тэй үнэ хаялцах чадал байгаагүй. Уг нь хэдэн тэрбум ам.долларын үнэтэй бизнес байсан” гэж харамсан ярьж байна.

Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос өнгөрсөн сарын 31-нд богино зайн тусгалтай хоёр баллистик пуужинг зүүн эрэг орчмоос харвалаа гэж Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээлсэн. Орон нутгийн цагаар 05.06, 05.27 цагт хоёр пуужинг Вонсан боомт орчмоос харвасан бөгөөд пуужингууд 250 км зай туулж, 30 км өндөрт хөөрөн Япон тэнгист унажээ. Ингэснээр тус улс долоо хоногийн хугацаанд хоёр удаа пуужин харваж байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт буюу долоодугаар сарын 25-ны өдөр мөн л богино зайн тусгалтай хоёр пуужин харваж байсан юм. Үүнийгээ Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос Вашингтонтой хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж буйн эсрэг өгсөн “албан ёсны сануулга” гэж тайлбарласан юм.

БНСУ-ын батлан хамгаалахын сайд Жон Кён Дү өнөөдөр харвасан пуужингууд өмнөхөөс өөр загварынх байсан гэж онцолсон бол Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй хэмээн мэдэгджээ.

Пуужин харвахаас өмнө Пёньян АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын өнгөрсөн жил Сингапурт гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийн үзэл санаатай харшилж байна хэмээн мэдэгджээ. Энэхүү сургуулилт цөмийн яриа хэлэлцээг эхлүүлэх үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн сануулсан байна.

Сибирийн ойн түймэр тав хоногт унтрах уу?

ОХУ-ын Сибирийг хамарсан ойн түймрийн улмаас Буриад, Эрхүү, Красноярскийн хязгаар болон Краснодарын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлаад байна. Хойд хөршийн Онц байдлын яамнаас мэдээлснээр их түймэр гурван сая гектар талбайг хамарчээ. Энэ нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгаа юм. Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа билээ. Энэхүү түймэр нь Монголоос 700 км-ийн зайд асаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор түймэр юу юугүй хилээр орж ирэх нь гэсэн айдас иргэдийн дунд бий болоод байна.

Хойд хөршийн зарим хотын иргэд өнгөрсөн долоодугаар сарын 13-наас эхлэн түймрийн утаан дунд амьдарч буй. Красноярск хотын иргэд л гэхэд даралт нь ихсэж, толгой нь өвдөх болжээ. Оросууд Засгийн газартаа хандан Сибирийн түймрийг яаралтай унтраахыг шаардсан гарын үсэг цуглуулаад байсан юм. Гэвч тодорхой арга хэмжээ авахгүй байгаад тэд гомдолтой байв. Утаа, манантай байгаагаас болж зарим хотод онгоц нисэж, буух боломжгүй болжээ.

Сибирьт 232 түймэр асаж байгаа бол Эрхүү мужид 137, Красноярскийн хязгаарт 94 түймрийн голомт байгаа аж. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрч буй долоо хоногт Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийг сонссоныхоо дараа Батлан хамгаалах яамандаа хандан Сибирийн түймрийг унтраах үүрэг өгсөн юм.

Сибирь болон Алс Дорнод дахь ойн түймрийг унтраахад тав хоногийн хугацаа орно гэж армийнхан үзжээ. Гэхдээ энэ хугацаа нэмэгдэж ч болзошгүйг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Онцгой байдлын яамны тэргүүн Евгений Зиничевийн илтгэлийн дараа армидаа галыг унтраах үүрэг өгч, бүс нутагт байгалийн гамшигтай тэмцэхэд саяхан үерийн гамшигтай тэмцсэн шигээ шуурхай ажиллахыг үүрэгдсэн билээ.

Дэлхийн байгалийн сангийн биологичдын дүгнэлтээр Оросын ойн түймэр болон түүнээс үүдсэн нүүрстөрөгчийн давхар исэл нь агаар мандлын давхаргад орж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж болзошгүй аж.

Хойд хөршийн Сибирийн ойн түймэр нийт 3.4 сая гектар талбайг хамарч байна. Гэвч Оросын гал түймэртэй тэмцэх албаныхан зөвхөн хүн ам оршин суудаг газар нутгуудад дөхөж ирсэн түймрийг л унтрааж байв. Түймрийг унтраах зардал нь шатсан ойг нөхөн сэргээх хөрөнгөөс давж байгаа учир эдийн засгийн асуудлаас шалтгаалан түймрийг бүрэн унтраахгүй байжээ. Түймрийн голомт нь Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Якутад байгаа юм. Ойн түймрийн утаа Баруун Сибирь, Урал, Поволжьяг бүрхэж, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриадын зарим газар нутаг, Якутад онц байдал зарлаад байна. Якутад хамгийн их талбай буюу 1.2 сая га газар шатаж байгаа бол Красноярскийн хязгаарт нэг сая га талбай, Эрхүү мужид 700 мянган га газар шатаж байгаа аж.

ОХУ-ыг ойн түймрээ унтраах арга хэмжээ авахыг олон улсын алдартнууд, төр, засгийн тэргүүнүүд уриалсан. Тухайлбал, алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Орост хандан Сибирийн ойн түймрийг унтрааж, ан амьтан, зэрлэг онгон байгалийг аврахыг хүссэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэрбээр Сибирийн ойн түймрийн унтраахад АНУ туслах санал тавьсан байна. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин АНУ-ын Ерөнхийлөгчид анхаарал тавьж, тусалж дэмжихийг хүссэнд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлээд “Оросын тал шаардлагатай тохиолдолд АНУ-аас тусламж авна” гэжээ.

Лам, бөө нар хур бороо гуйж байна

Түүнчлэн Сибирийн бөө нар өөрсдийн хүчээр түймрийг унтраахад арга хэмжээ авахаар өнөөдөр /2019.08.04/ Байгаль нуурын Ольхон арал дээр цуглаж, бороо оруулах ёс заншил үйлдэж байна. Олон улсын “Greenpeace” байгууллагаас энэ түймрийг дэлхийн хэмжээний экологийн аюул хэмээн нэрлээд байгаа. Түймрийн утаа Монгол, Казахстанд ирээд Канад, АНУ-д тулж очоод байгааг NASA-гийн сансраас авсан зургууд батлан харуулж байна. Буриадын нийслэл Улаан-Үд хотод иргэд дөрөв дэх хоногоо утаагаар амьсгалж, хордож байгаа ч Мэргэжлийн хяналтын газрын мэдээгээр бол Буриадад агаар цэвэр байгаа аж. Түймэрт нэрвэгдсэн бүс нутгийн иргэд ОНЦ БАЙДАЛ зарлахыг шаардсан ч Засгийн газраас тоохгүй л байна. Буриадын буддын сүмийн лам нар түймрийн эсрэг тэмцэлд нэгдэж, ном уншиж, хурмаст тэнгэрээс хур бороо гуйх юм.

Мөн ОХУ-ын үнэн алдартны шашинтнууд өнгөрсөн долоодугаар сарын 30-наас эхлэн түймэр унтрахыг хүссэн ном уншиж эхэлжээ. Уг арга хэмжээ хоёр долоо хоног үргэлжлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top