ТОЙМ: Төрийн айлчлалууд болон бизнесийнхэн чуулсан долоо хоног

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 09

Өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдал боллоо. БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британид айлчилсан. Мөн Украины шинэ Ерөнхийлөгчийн хилийн чинад дахь анхны айлчлал, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зэрэг нь олон улсын анхаарлын төвд байлаа.

Трампын айлчлалыг эсэргүүцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар энэ сарын 3-нд Их Британийн Хатан хаан II Элизабетийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Букингемийн ордонд Хатан хаан болон түүний гэр бүлийн гишүүдэд бараалхаж, Вестминстерийн сүмд Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөв. Трампын айлчлалын хоёр дахь өдөр нь Их Британийн бизнесийн салбарын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, яриа хэлэлцээ зэргээр үргэлжилжээ. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй тус улс Европын Холбооноос гарсны дараа байгуулахаар зэхэж буй чөлөөт худалдааны гэрээний талаар ярилцсан байна. Мөн олон улсын аюулгүй байдал, Хятадын “Huawei” корпорацыг тойрсон асуудал зэргийг хэлэлцжээ.

Гэвч Лондон хот АНУ-ын Ерөнхийлөгчийг тийм таатай хүлээж авсангүй. Доналд Трампын бодлогыг эсэргүүцэгчид Лондон хотод эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэж мэдэгдсэн бол Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин хүлээн авалтад оролцохоос татгалзав. Гэхдээ Трамп Их Британи, АНУ-ын найрамдалт харилцааг сайшаажээ. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны үед их британчуудын гаргасан эр зоригийг магтаад “Хатан хаан Элизабет бол гайхалтай эмэгтэй” гэв. Их Британийн хатан хаан ч хоёр улсын хамтын ажиллагаа хөгжин цэцэглэж байгааг онцлон тэмдэглэжээ.

АНУ Ирантай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн

“Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн баталгаа өгвөл тус улстай шинэ цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярьжээ. Иймэрхүү санааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч мөн цухуйлгаж байсан билээ. Майк Помпео “Иран улс дэлхийн аюулгүй байдалд заналхийлэх цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхгүй гэсэн баталгаа өгвөл бид тус улстай шинэ хэлэлцээр байгуулахад бэлэн” гэжээ. Тэрбээр Ирантай 2015 онд байгуулсан гэрээний талаар “Ерөнхийлөгч Доналд Трамп энэ гэрээг Ираныг цөмийн зэвсэгтэй болгоход чиглэсэн гэж үздэг. Тиймээс АНУ уг гэрээнээс гарсан. Мөн Иран улс пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж, дэлхий даяар “Хэзболлах” хөдөлгөөний гишүүдийг байршуулж, Европт халдлага үйлдэж байна. 2015 оны цөмийн гэрээ үүнийг өөрчлөөгүй” гэв. Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ нь тус улсыг улс төрийн бодлогоо өөрчилж, хэлэлцээний ширээний ард суухад хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Вашингтон нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, оронд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон АНУ, Европын холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах зорилгоор 2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтын ажиллагааны гэрээнээс 2018 онд гарсан юм. Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 8-нд Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Тегеран тус гэрээнээс хэсэгчлэн гарч буйг зарласан билээ. Тэрбээр “АНУ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлвэл Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой” гэсэн юм. Хоёр улс аль аль нь дайсагнахыг хүсэхгүй байгааг үүнээс харж болно.

Суданд байдал хурцадмал байна

Судан улсын нийслэл Хартум хотод өнгөрч буй долоо хоногт Цэргийн зөвлөлийг эсэргүүцэн жагссан хүмүүсийг тараах үеэр 30 гаруй хүн амиа алдлаа. Шархадсан хүний тоо 100 давжээ. Олон хүн хүндээр шархдаж, ихэнх нь сэхээн амьдруулах тасагт байгаа аж. Хууль хүчнийхэн эмнэлгүүдийг бүслэн, эмч нарыг саатуулж байгаа учир амиа алдсан хүний бодит тоог гаргах боломжгүй байжээ. Жагсагчдын ярьж буйгаар олон цогцос Нил мөрөнд хаягдсан байна.

Суданы арми энэ сарын 3-нд Хартум хотын төв дэх Батлан хамгаалах яамны байрны урд талбайд суулт хийж буй жагсагчдыг тарааж эхэлсэн юм. Энэ үеэр галт зэвсэг ашиглажээ. Жагсагчдыг галт зэвсэг хэрэглэн хүчээр тараах ажиллагаа явуулсны дараа Суданы сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд” эвсэл Цэргийн зөвлөлтэй хийж байсан яриа хэлэлцээг зогсоосноо зарласан байна.

Турк ОХУ-аас “С-400” авахаасаа татгалзахгүй

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улс ОХУ-тай байгуулсан пуужин эсэргүүцэх “С-400” систем худалдаж авах тухай хэлэлцээрээс буцахгүй гэдгийг мэдэгдлээ. АНУ Туркийг Оросоос уг системийг худалдан авахаас татгалзахыг ятгаж, худалдан авалт хийвэл сайн зүйл болохгүй гэж сүрдүүлж ч байсан билээ. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч “С-400”-гийн асуудлаар нэг ч алхам хойш тавихгүй гэв. Түүнчлэн Турк улс АНУ-ын талаас ашигтай санал ирвэл “ЗРК Patriot” системийг ч мөн худалдан авахад бэлэн гэжээ.

Пуужин эсэргүүцэх “С-400” системийн эхний ээлжийг ирэх долдугаар сард нийлүүлэх аж. Харин АНУ энэхүү системийг НАТО-гийн стандартад нийцэхгүй байна гэж үзсэн бөгөөд хориг арга хэмжээ авна гэжээ. Мөн Турк улсад “F-35” шинэ загварын онгоц нийлүүлэхийг зогсооно гэж сануулсан байна. Турк улс нь “F-35” онгоцыг бүтээх АНУ-ын олон улсын хөтөлбөрт оролцож байгаа юм.

Крымийг буцааж авах төлөвлөгөө

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн хойгийг ОХУ-аас буцааж авах талаар ярих болсон. Тэрбээр энэ санаагаа хэрэгжүүлэхэд Европын түншүүдээсээ тусламж хүсч байгаа бололтой. НАТО, Европын холбоо зэрэг олон улсын том эвслүүд ч түүнтэй санал нэг байгаа билээ. НАТО ОХУ-д хандан Крымийг тайван орхихыг удаа дараа уриалж, хууль бусаар эзэмшилдээ авсан тус хойгийг Украинд эргүүлж өгөхийг хүссэн. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрч буй долоо хоногийн дундуур Бельгийн нийслэл Брюссель хотод айлчилж, НАТО болон Европын холбооны өндөр албан тушаалын хүмүүстэй Крымийн хойгийг буцаан авах стратегийг хэлэлцлээ. Украины засаг захиргаа Крымийн талаар тодорхой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх аж. Владимир Зеленский хилийн чанадад хийсэн анхны айлчлалаараа Донбасс дахь тогтворгүй байдлыг зөөлрүүлэх арга зам болон Украины цаашдын шинэчлэлийн талаар мөн ЕХ болон НАТО-гийн төлөөлөгч нартай санал солилцов. Тэрбээр Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын дарга Жан-Клод Юнкер болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нартай уулзжээ.

Киевт одоо Крымийг буцааж авах тодорхой стратегийг боловсруулж байгаа гэх. Мөн Донбасст нөхцөл байдлыг зөөлрүүлэх Минскийн гэрээг хэрхэн “амь оруулах” талаар хэлэлцэнэ гэдгээ Владимир Зеленский мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины шинэ Ерөнхийлөгчийн талаар “Би түүнийг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Хэзээ нэгэн цагт танилцана гэж найдаж байна. Ямартай ч одоог хүртэл ажилласан тэр салбартаа бол сайн ажилласан. Сайн жүжигчин юм шиг байна билээ” гэжээ. Крымийг ОХУ-ын харьяанаас буцааж авах талаарх Зеленскийн төлөвлөгөөний тухай Путин ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Тэрбээр “Жүжиглэх бол нэг хэрэг, өөрийнхөөрөө байна гэдэг өөр хэрэг шүү. Дүр бүтээнэ гэдэг бол гарцаагүй авьяас гэдэг нь маргаангүй. Олон авьяас байдаг л даа. Тэдгээрийн нэг нь дүрд хувирах. Хунтайж байснаа арван минутын дараа л гуйлгачин болж хувирдаг шүү дээ. Хамгийн гол нь аль аль дүрээ үнэмшилтэй амилуулж чаддаг л байх ёстой. Харин улс төрийн ажил хэргийг авч явахад бол өөр чанар шаардлагатай” гэжээ.

ОХУ, Хятадын өндөр түвшний харилцаа

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрч буй долоо хоногт ОХУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийлээ. Энэ үеэр ОХУ, БНХАУ-ын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг талууд онцолж байлаа. Си Жиньпин, Владимир Путин нар нийт 30 гаруй гэрээг үзэглэж, хоёр том хамтарсан мэдэгдэл гаргав. Тэд олон улсын хориг болон АНУ-ын  худалдааны дайны эсрэг хамтран тэмцэхээ мэдэгдсэн. Мөн тэдний хооронд ажил хэргийн харилцаа холбооноос гадна хувийн бат бөх нөхөрлөл тогтсоныг онцолсон юм. Си Жиньпин, Владимир Путин нар сүүлийн зургаан жилийн хугацаанд 30 орчим удаа уулзжээ. Си дарга хамтран ажилласан ОХУ-д талархаж буйгаа илэрхийлээд “Хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн” гэж онцлон тэмдэглэв.

ОХУ, Хятадын удирдагч нар иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан бол хоёр улсын компаниуд хамтын ажиллагааны хэлэлцээрүүд байгуулжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 25 хувиар өсөж, 108 тэрбум ам.долларт хүрсэн байна. ОХУ, БНХАУ нь эдийн засгийн том хамтрагчид болоод байна. Түүнчлэн хоёр улс олон улсын тулгамдсан асуудлуудад адилхан байрь суурьтай байгаа аж. Си Жиньпин айлчлалынхаа үеэр мөн БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн форумд очив.

3.1 тэрбум их наяд рублийн өртөг бүхий 650 гэрээ

Энэ сарын 6-8-нд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр 3.1 тэрбум их наяд рублийн өртөг бүхий 650 гэрээ байгуулсан талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, тус форумыг зохион байгуулах хорооны орлогч дарга Антон Кобяков мэдэгдэв. Энэ жил урьд жилүүдийнхээс илүү олон гэрээ байгуулжээ. Мөн энэ жилийн форумд оролцогчдын тоо урьд өмнө байгаагүйгээр олон байв. Чуулга уулзалтад 145 улсын 19 мянга гаруй төлөөлөгч оролцсоны 1300 нь өндөр албан тушаалтан, мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинийг оруулаад долоон Ерөнхийлөгч байжээ.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Хятад болон АНУ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Хятад улс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 1072 төлөөлөгчтэйгөөр, АНУ 520 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ. Энэ жилийн форумд гадны орнуудын 1300 компани, ОХУ-ын 2500 компани оролцсон байна. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг нийт 4800 сэтгүүлч сурвалжилж, хамтран ажиллагч түншүүдийн тоо 1.5 дахин нэмэгдсэн зэрэг өндөр үзүүлэлтүүд олон байв. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх “АНУ-ын хориг нь нэг талаар Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сурталчилгаа боллоо” гэжээ. АНУ-ын бизнес эрхлэгчид ажил хэрэг ярилцахаар ОХУ-д ирсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top