Хүн чанар, энэрэл хайр, эцгийн нөмөр, эхийн халуун сэтгэлийн илч болж хайранд хөлбөрч, өнхөрч, бойжиж буй бяцхан зүрхнүүд. Айл бүрт ийм нэг аз жаргал нэвт гэрэлтээсэй гэж бүгд хүсдэг ээ. Гэвч өр өвтгөсөн өдрүүдэд өмөлзөн суугаа нулимст бяцхан зүрхнүүд сүүдэр дунд сүү нөмөрч хонохыг хүснэ. Цаазын илд шиг хатуухан өдрүүдийг хайрлаж, энэрч, өхөөрдөж, өргөж, үнсэж, эрхлүүлж мэдэхгүй харгислагчдын гар дор бяцхан зүрх дагжин өнгөрүүлж байна.
Эцгийнхээ энгэрт асан инээж, эхийнхээ харцанд хайраар шагнуулах эрхгүй бяцхан зүрхнүүд аврал эрэн эрэмдэг болтлоо, эхийн яхир аашинд сэтгэлийн гал нь бөхсөөр. Юу тарина түүнийгээ хураана гэдэг. Ийм харгис нийгэм, ийм яхир цагийг өөрсдөө бүтээчихээд ирээдүйд тарьсан үрээсээ сайн сайхныг хураана гэж бүү бодоорой. Тоглож наадах дуртай томоогүй бяцхан зүрхнүүд өмөрч, бяцарч, сүлбүүлж, жадлуулж байна. Танд занчуулсан зүрх бүр чулуу мэт, төмөр мэт, хатуу хүйтэн, түймэр мэт таныг хуйхлан өнгөрөх үед үрдээ бус өөртөө гомдоорой.
“Гарын таван хуруу”-гийн Шагдарыг нийгмээрээ зүхдэг хэрнээ дор бүрнээ Шагдар болчихсон юм биш биз гэдгээ сэхээрэн харах цаг болсон байна. Ер нь Шагдараас долоон дор эр, эм Шагдарууд нийгэмд тодорхой хувийг эзэлж байгаа нь нуух зүйл биш. Шагдар гэр бүлээ орхин сайхны араас шүлс үсчүүлэн алга болсноос яргалал, тамлалын сод туурвил байгаагүй юм шүү. Зах зээлийн нийгэмд бид ханцуйгаа шуугаад амьдрахын төлөөх тэмцэл дунд унаж, босч, сөхөрч яваа нь үнэн. Амьдралын үнэнтэй нүүр тулж хүний дор орохгүй гэж зүтгэж яваа цаг хором бүр танд, надад үнэ цэнтэй. Гэхдээ тав гурван төгрөгөөр дутаахгүй юмсан гэж явахдаа бид эцгийн хайр, эхийн сэтгэлээр дутаах тийм цагийг өөрсдөө бий болгосон. Ороо бусгаа цагийн салхин дунд дэн дун явахдаа бид ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг харгислах хатуу нийгмийг бүтээжээ гэвэл илүү үнэнд ойртох биз. Нийслэлийн 700 гаруй мянган айлын хаалганы цаана аз жаргал дүүрэн өрх хайр гэрэлтүүлэн байгаа гэдэгт итгэдэг. Гэвчиг зангидсан гарын буулга болж тарчилж байгаа зүрх хэд бол гэж бодохын сацуу эмзэглэл төрнө. Сайн сайхан нь байлгүй л яахав. Задарсан, харгисласан, хүнийг хүний тооноос хасч бодсон хаалга олон байгааг сүүлийн үеийн сэтгэл сэртхийлгэм мэдээллүүдээс харж болно. Бяцхан хүүг заазуурдлаа, хэвтэрт ортол зодлоо, дөрөв хоног дөнгөлж тамлалаа, тэдэн настай охиныг хүчиндэж хөнөөлөө, охин гэрээсээ гараад ор сураггүй алга боллоо гэх Монголын ирээдүй болсон үрсийн талаарх зүрх зүсч, дотор харанхуйлам мэдээллүүд сошл даяар давалгаалж байна.
Статистикаас харахад 2018 онд 285, 2019 оны эхний улирлын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс гадна биеийн, сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо хэдэн мянгаар дурдагдана. Үүнтэй зэрэгцээд “Хүчирхийлэгчдийг цаазла” хэмээх давалгаа хүчээ авлаа. Ийм сөрөг мэдээлэл дунд өдөр бүр тархиндаа хүнд цохилт авч байгаа хүмүүс Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдээ хайрлах, харамлах хамгийн сүүлчийн аргаа барсан шалтгаан болж байгаа юм. “Хүчирхийлэгчийг цаазла” хэмээн орь дуу тавин орилах та өөрөө хүчирхийлэгч биш биз. Хамгийн хүчтэй орилж байсан та нэг л өдөр өөрийн цуурайндаа цаазлуулах вий.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт өндөр байгаа нь цоожтой хаалганы цаана нулимс дуслуулан мэгших, хойд аав, ээжийн гарт зодож занчуулах хүүхдүүд нэмэгдэх шалтгаан болсон гэж үздэг. Олны анхаарлыг татсан бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд хойд хэмээн нэрлэгддэг эцэг, эхчүүдтэй холбоотой байна. 2018 оны статитикаас харвал улсын хэмжээнд 21020 өрх гэр бүлээ батлуулсан бол 4201 гэр бүл шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан байх юм. 2015-2018 оны хооронд 16.022 өрх улсын хэмжээнд салсан аж. Энэ өрх бүрийн цаана хамгийн багаар бодоход нэг хүүхэд байгаа гэж үзвэл тийм хэмжээний бяцхан зүрх бүтэн хайр амталж чадахгүй торниж байна. Гэр бүл салалтын золиос гэнэ томоогүй балчир үрс баймааргүй байна л даа. Тоо баримтаас харахад өдөрт 10 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа дүн гарчээ. Үүний тусгал нь мэдээж өнөө л бяцхан зүрхнүүд. Эрээнтэй бараантай хорвоод элэг бүтэн амьдрах шиг жаргал хаана байна гэж. Үнэхээр хайрлъя, болж бүтнэ гэж нийлсэн бол тэр хүнийхээ алдаа оноог нь ч гэсэн давхар хайрлах ёстой биш үү. Залуу хүмүүс мэдээж бүх насаараа ганц бие явахгүй. Дахин хэн нэгэнд итгэж гэр бүл болно. Хайр хүлээсэн бяцхан зүрхнүүд өөрөөс нь хамааралгүй аав, ээжийнхээ аясыг дагаад нэг айлын босго даван орно. Нэгэн биений нөгөө тал болж амьдралын хүрдийг хамтдаа эргүүлэхээр шийдсэн юм бол аав, ээжийнхээ өмнөх амьдралын “золиос” болох учиргүй шинэхэн гэр бүлийн гал халуун хайр нь байх учиртай юм, бяцхан зүрхнүүд. Гэр бүл болно гэдэг эвлүүлдэг тоглоом биш. Хэрэв тийм гэж үзэж байгаа бол эвлүүлдэг тоглоомын шоо болгож, алгын чинээ үрсдээ ахадсан зовлон шаналал үүрүүлэх учиргүй юм. Хорсол, цөхрөл, гомдол, нулимс, шаналал, тарчлаан бүхнийг өр өвтгөсөн энэ мэдээллүүдээс сонсохгүй байна уу. Энэрэл хайраар элбэг дэлбэг явдаггүй юмаа гэхэд булгилан цохилох бяцхан зүрхэнд айдас хүйдэс бага тусаасай. Хойд, урдах нь бүү хэл төрсөн эцгийнхээ гарт тархиа, уушгиа бяцартал нүдүүлж, хөл, гараа хугартал зодуулж, заазуурдуулж буй бяцхан зүрхнүүд өөрсдийн биеэр энэ бүгдийг бидэнд маш тодорхой хэлж өгөөд хорвоогоос буцаж байна. Хэзээ ухаан сууж, хэзээ бид үрсээ хайрлах вэ. Хэдэн хүүхдийн амиар бид Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ энэрэл халуун сэтгэл, зүрхийг мэдрэх вэ. Хэлгүй, дүлий нийгэмд, нүдгүй, чихгүй, сэтгэлгүй явсаар хорвоогийн бор хоногийг өнгөрүүлж дуусах нь хэзээ вэ. Ал, цаазла гэхээсээ илүүтэй араатанд тааруулан хуулиа чангалах цаг болсон. Бидний ой санамж сошл даган шуугьдаг богино хугацааных болж. Шуугиж шуугиж байгаад дараагийн сэдвийг дагаад шуугидаг. Өнөө хүүхдийн эрх, хүний эрх тэгсгээд мартагдана. Дахин ийм хэрэг гарчээ гэхээр сошиал даяар мартын нулимс унагахаас хэтрэхгүй. Бидний хийж чадах зүйл сошлд л дур зоргоороо чалчих болсоор удлаа. Нийгмийн өөрчлөлт, түрэлт, давалгааг хайр дутсан бяцхан зүрхнүүдээсээ эхэлье. Нийтэд нь тус болох нийгмийн том массыг нэг хөдөлгөж, хар тэнгист зүг чиггүй салан дээр ачигдсан нийгмээ бүхэлд нь соён гэгээрүүлэхэд нь туслах хэрэгтэй байна. Зовлондоо шаналсан хүүхдийн нэр, зургаар хандив цуглуулж хоёр, гурван өрөө байр хайж байна гэж өөрсдийгөө дөвийлгөн омойтох хүмүүс их болсон нь энэ нийгмийн бас нэг гажиг. Бүх хүн муу биш ч шоу хийсэн хөгийн амбицдаа хүртэл ашиглаж байгаа нь гутарч, цөхөрсөн сэтгэлийн шарх дээр нь өндөр өсгийттэй гарч ирчихээд танц эргэхтэй адил юм.
Эцэст нь өгүүлэхэд Монголын ирээдүй болон ургаж яваа яргуй шиг балчир үрсээ ямаан омогтой томчуудын гарт тасдуулмааргүй байна. Зүрх бүтэн нийгмийн төлөө одоо л бид хичээхгүй бол хайр дутуу, энэрэл дутуу, элбэрэл дутуу, өр зөөлөн сэтгэл дутуу, хүн чанар дутуу ер нь юм юм дутуу зүрхэндээ шархтай, сэтгэлдээ таягтай, “хайртай” гэдэг халуун үгийг мартсан үе өндийх нь байна шүү, Шагдарууд минь.
Сэтгэгдэл ( 2 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
Насанд хүрээгүй охид хүүхдийг хүчирхийлсэн л бол намайг ч бай цаазла!!!!!!!!!!!!!!!