Английн Премьер лигийн энэ улирлын тоглолт дуусахад ганцхан тойрог үлдлээ. “Манчестер сити”, “Ливерпуль” багийн хэн нэг нь аваргын цомыг өргөх нь тодорхой болсон. Тэдний онооны ялгаа ганцхан буюу “МС” баг 95 оноотой, “Ливерпуль” 94 оноотой нэхэж явна. Өчигдөр шөнө болсон тоглолтод “Лестер” багийг хүлээн авсан “МС” оноо алдах болов уу гэж “Ливерпуль” найдаж байсан ч багийн ахлагч Компанигийн гоолоор “МС” яллаа. Одоо тэд үлдсэн ганц тоглолтдоо ялахад л аварга болно.
“Манчестер Сити” – “Лестер” 1:0 (0:0, 1:0)
“Этихад Стэдиум”
Гоол: 1:0 – 70 Компани.
“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Компани, Лапорт, Зинченко, Фоден (Сане, 56), Гюндоган, Сильва (Стоунз, 90), Бернарду Силва, Агуэро (Габриэл Жезус, 87), Стерлинг.
“Лестер” – Шмейхель, Рикарду Перейра, Эванс, Магуайр, Чилуэлл, Олбрайтон (Грэй, 85), Тилеманс (Барнс, 75), Ндиди, Чоудури, Мэддисон (Ихеаначо, 80), Варди.
Шар хуудас: Сильва (22), Магуайр (35), Компани (44), Габриэл Жезус (89), Ихеаначо (90).
“Ливерпуль” багийн хувьд өөрийн хүчээр аварга болох найдлагагүй болсон. Тэд сүүлийн тойрогт ялаад “МС”-г бүдрэхийг хүлээх болно. “Ливерпуль” 37 тойргийн дараа 29 ялж, 7 тэнцэн, 1 ялагдсан. (Ман Сити 31 ялж, 2 тэнцэн, 4 ялагдсан) Хэрэв тэд сүүлийн тойрогт ялаад аварга болж чадахгүй бол энэ нь ганцхан ялагдалтай баг Премьер лигийн аварга болж чадаагүй анхны тохиолдол болох юм. “Ливерпуль” 2008/2009 оны улиралд хоёрхон ялагдаад аварга болж чадаагүй удаатай. Энэ улирлын ганц ялагдлаа тэд “МС”-гээс амссан. Өрсөлдөгчийн талбайд зочлоод 1:2 ялагдаж байсан билээ.
Сүүлийн тойрогт энэ сарын 12-нд “Ливерпуль” талбай дээрээ “Вулверхэмптон”-ыг хүлээн авах бол “Ман Сити” баг “Брайтон” багийн талбайд зочилно. “Ливерпуль” тэнцээд “МС” дөрвөн бөмбөгний зөрүүтэй ялагдвал, багуудын оноо, гоолын харьцаа тэнцэж, багууд халз тоглолт хийх болно.
Сэтгэгдэл ( 2 )
Хогийн баг. Аварга болох хувьгүй