Г.Сүхбат: Озэки болох зорилготой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

"Кокүгикан" ордонд өнөөдөр /2019.05.07/ шинэ бөхчүүдийн шалгалт болж өнгөрлөө. Зуны тэмцээнд нийт 13 бөх шинээр орсноос бүгд 67 кг-аас илүү жин, 167 см-аас өндөр байх шаардлагыг хангасан байна. Маргааш /2019.05.08/ шинэ бөхчүүд эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Монголын шинэ сүмоч болсон Галдангийн Сүхбат энэ жил 20 настай, 178 см өндөр, 126 кг жинтэй. "Оноүэ" дэвжээнд элссэн. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байгаад өнгөрсөн жил зодог тайлсан Таканоивагийн төрсөн ахынх нь хүү бөгөөд Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байсан талаар бид мэдээлсэн билээ. Зүүн Японы тэмцээний финалд одоо макүшитад барилдаж байгаа Хоошёорюүд унаж байжээ.

Таканоива дүүгийнхээ талаар Японы хэвлэлд “Макүшита зиндаанд бол тэр дороо дэвших байх. Харин цаашдаа өөрийнх нь хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна” гэж хэлж байлаа.

Шалгалтаа дуусгаад гарч ирсэн Г.Сүхбат сэтгүүлчдэд “Одоо л нэг юм сүмо бөх болсон сэтгэгдэл төрж байна. Ах маань ямар ч хүнээс илүү их бэлтгэл хий гэж байнга хэлдэг. Монголд дунд сургуульд жүдогоор хичээллэж байсан ч ахыгаа дагаад сүмо барилдахаар шийдсэн. Озэки асан Хокүтэнюү шиг бөх болохыг хүсдэг. Бичлэгийг нь дандаа үздэг. Озэки болох зорилготой. Комүсүби, сэкивакэ ялагдахаараа цол буурдаг. Харин озэки болчихвол дээшээ ёкозүна болохоор зүтгэх болно. Юуны өмнө озэки болох” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top