ОУОХ, Олон улсын сонирхогчдын боксын холбооны зөрчил шийдэгдээгүй хэвээр байна. AIBA хэмээх сонирхогчдын боксын холбоонд авлига, хээл хахууль цэцэглэсэн, удирдлагад нь мафийн гишүүн байдаг гэх зэрэг олон шалтгаанаар ОУОХ-ноос боксын спортыг олимпийн наадмын хөтөлбөрөөс хасаж магадгүй байгаа шүү гэж анхааруулсаар ирсэн. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ долоо хоногт “Токиогийн олимпод боксын спортыг оруулна гэвэл AIBA биш өөр холбооноос зохион байгуулах хувилбарыг бид хэлэлцэж байна” гэж хэлсэн нь багагүй шуугиан тарьлаа. Хариуд нь Олон улсын сонирхогчдын боксын холбооноос хэрэв тийм шийдвэр гаргавал Спортын арбитрын шүүхэд хандана гэж мэдэгджээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбоонд авлига цэцэглэсэн нь эрт үеэс тодорхой байсан. Энэ нь ч олон сайн тамирчныг мэргэжлийн бокст шилжихэд нь нөлөөлсөн. Сонирхогчдын боксын том тэмцээн болгон маргаан будлиантай болж байсан тул ОУОХ-ноос мөрдөн шалгаж, удирдлагаа солих шаардлага тавьсан билээ. Энэ шаардлагын дагуу AIBA-гийн Ерөнхийлөгч Гафур Рахимов ажлаа түр хугацаагаар өгөөд байгаа.
“Токио 2020” олимпын боксын эрх олгох анхны тэмцээн нь есдүгээр сард ОХУ-ын Екатеринбург хотод болох ДАШТ. Энэ тэмцээн ч явагдах эсэх нь тодорхойгүй болжээ. Ямар ч гэсэн AIBA ДАШТ-ийг зохион байгуулах эрхгүй болох шинжтэй. Энэ сарын 22-нд болох ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд бокс олимпод багтах эсэх, багтлаа гэхэд ямар байгууллага зохион байгуулах зэрэг асуудлыг шийднэ. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио 2020” наадам эхлэхэд 14 сарын зай байхад ОУОХ-ноос оноосон ямар ч холбоо боксын тэмцээнийг зохион байгуулж чадна гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
tiim shuu mgl.n boksiin holboo bas hogiin
Боксын шүүгчдийн хээл хахууьь нь их учраас нэр хүнд нь. Унаж байна даа