Энэ сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэх мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн хэд хэдэн онцлогтой. Юуны өмнө Рэйва хэмээх шинэ эриний анхны башё. Хуучин Эзэн хаан сүмо бөхөд дуртай, Бөхийн өргөөнд олон удаа ирж байсан билээ. Шинэ хаан Нарүхито хэдэн оны ямар тэмцээнийг ирж үзэх бол гэдэг ч сонирхолтой. Рэйвагийн анхны башёд түрүүлэх нь түүхэнд нэрээ үлдээх боломж тул түрүүлэхийн төлөө өрсөлдөөн ширүүн байх нь дамжиггүй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын 26-нд буюу башёгийн сүүлийн өдөр Токио хотын Кокүгикан ордонд очиж, дохёны ойролцоо сууж барилдаан үзэхээр болоод байгаа.
Харамсалтай нь манай их аварга Хакүхо гэмтэл нь эдгээгүй тул Зуны тэмцээнд барилдахгүй боллоо. Их аварга Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд гэмтэж, “Баруун бугалганы 2 толгойт булчин тасарсан” гэж оношлогдсон билээ. Миягино ояката “Энэ сарын 8-нд эмнэлэгт үзүүлэхэд дахиад 3 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн. Зуны тэмцээнд барилдахгүй. Хакүхо өөрөө ч барилдах хэмжээнд эдгээгүй байгаагаа мэдэж байгаа, эмч нар ч хориглосон. Гэхдээ мэс засал хийлгэхгүй, Нагоя башё хүртэл эмчилгээндээ анхаарна” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сүмо бөхийн холбоонос Зуны тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг өнөөдөр зарлалаа. Олны анхаарлыг татаж байгаа шинэ озэки Такакэйшёо эхний өдөр маэгаширагийн 2 дахь бөх Эндотой, хоёр дахь өдөр Котошёогикүтэй таарсан. Сүүлийн 3 башёд маэгашира цолтонд хоёрхон унасан Такакэйшёо түрүүлэх зорилготой байгаагаа нуухгүй байгаа.
Холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Оономацү ояката “Хакүхог эзгүйд түрүүлэх хамгийн магадлалтай бөх бол ёкозүна Какүрюү. Гэхдээ түүнтэй шинэ, хуучин арслангууд ана мана өрсөлдөнө. Такакэйшёо бэлтгэл сайн байгаа болохоор башёг доргиож магадгүй” гэж ярьжээ.
Ёкозүна Какүрюү эхний өдөр комүсүби Митакэүми, хоёр дахь өдөр маэгаширагийн тэргүүн бөх Хокүтофүжитэй барилдана.
Сэтгэгдэл ( 0 )