Нээлттэй шүүх хуралд 200 гаруй хүн оролцлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ оны  нэгдүгээр улирлын байдлаар 27 гэмт хэрэг үйлдэгдсэний 12  буюу 44.4 хувь нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгджээ. Иймд ,Хар хорин сум дахь Сум дундын шүүх, прокурорын  газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэсэн”  гэмт хэрэг үйлдсэн О.Т-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулсан байна.

Сум дундын шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэж, О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу 02 жил 02 хоногийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  100.000 төгрөгний үнэ бүхий хөрөө, 35000 төгрөгний үнэ бүхий ишгүй сүх зэргийг устгах, шүүгдэгч О.Т-гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.40 см урттай 24 ширхэг хуш модыг улсын орлого болгох, байгаль экологид учирсан 1 090 584  төгрөгний хохирлыг  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтын дагуу  үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3.271.752 төгрөгөөр нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэв.   Нээлттэй шүүх хуралдаанд тус сумын иргэд, төр, захиргааны алба хаагчид нийт 200 гаруй хүн  оролцлоо. Хар хорин сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top