Энэ ертөнц, энэ цаг хугацаа ямархан сайхан юм бэ...

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Урлагийн тайзнаа 27 жилийн турш үзэгчдийг байлдан дагуулж, уйлуулж, уярааж, инээлгэж, тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд “нар” ургуулсан жүжигчин С.Өлзийхүүд Гавьяат жүжигчин цол өгөхийг шаардагчдын хүсэл хэдхэн сарын өмнө биеллээ олж, ёслол төгөлдөр гавьяагаа үнэлүүлсэн байдаг. Тиймдээ ч алдар гавьяагаа үнэлүүлсэн уран бүтээлчдийн ёслон өнгөрүүлдэг жишгээр жирийн нэг хүлээн авалт, найр наадам хийхийг илүүд үзэлгүй “Миний ертөнц” нэртэй тоглолтоор тайлангаа тавьж, үзэгчдээ баярлуулж, хошин урлагийн нэр хүндийг нэгэнтээ өргөе гэж бодсон биз ээ. Олон жилийн дараа хийж байгаа тайлан тоглолтыг үзэхгүй бол харамсах учраас хошин урлагийн “отгон” гавьяат Санжаагийн Өлзийхүүгийн “Миний ертөнц” тоглолтыг өнгөрсөн долоо хоногт /2019.05.10/ онцлон байж зорилоо. Үнэндээ очихоосоо өмнө хошин урлаг уналтад орж, ахуй тойрсон амьдрал, тулга тойрсон явган зөрчил зэрэгхэнээр үзэгдлээ аргалж, сэдэв ч үгүй, санаа ч үгүй болсон гэх шүүмжлэл чих дэлсэх болсон тул үзэгчдийн тоонд энүүхэндээ гэхэд эргэлзэж байсан нь үнэн.  Гэтэл миний бодсон буруу байжээ. Тоглолтын танхим хөл тавих зайгүй, 3000 гаруй суудал нэг ч сул суудал үлдэлгүй, дүүрсэн байлаа.

С.Өлзийхүү үнэхээр урлагийн хүн ажээ. Тэр үнэхээр үзэгчдийн хайртай хошин урлагийн уран бүтээлч юм байна. Ийм тоглолт үзэх гэж байгаадаа сэтгэл нь анхнаасаа дүүрчихсэн үзэгчид танхимыг тэр чигт нь эзэлж байв. Отгон гавьяатын тоглолтын эхлэлийг хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны уран бүтээлчид тавьж, С.Өлзийхүүгийн гараар дамжиж тайз, дэлгэц, хошин урлагийн уран бүтээлд хөл тавьсан “Маск” продакшны жүжигчид үргэлжлүүлэв.Гавьяат жүжигчин Баярмагнай, П.Эрдэнэзаан, Соёлын тэргүүний ажилтан С.Мөнхсайхан нар үзэгчдийн сэтгэлд хүлээн зөвшөөрөгдсөн, уртай, урлалтай уран бүтээлчид билээ. “Их урлагт хөтлөн оруулж, зааж сургаж байсан С.Өлзийхүү эгчдээ болон түүний үзэгчдийн өмнө мэхийн ёсолж байгаадаа баяртай байна. Бид өмнө нь эгчдээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байсан ч ард түмнийхээ өмнө хүндэтгэл үзүүлж байгаа нь анхны удаа байх. Энэ хүн бидэнд ямар үнэ цэнэтэй гэдгийг  хэлэхийг хүслээ” гэхчлэн урсах тэдний сэтгэл, хүндлэл шингэсэн үгс С.Өлзийхүү гавьяатыг үнэлэх хамгийн халуун дулаан, үнэн үгс мөнөөс мөн.

Хүн хэнээс юу сурч, хэн болсноо мартах учиргүй гэдэг амьдралын маш энгийн мэт боловч үнэ цэнэтэй ухаарал байдаг.

С.Өлзийхүү гавьяатын нэг ангийнхан болох жүжигчин Д.Хүрэлхүү, Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Бямбацогт нар түүний оюутан ахуй цаг үеийг тайзан дээр авчирсан. Тэд “Их л өндөр охин орж ирж байсан санагддаг. Өлзий маань муухан эр хүнээс дээр дээ. Түүнд зөвхөн шаргуу, хөдөлмөрч гэдэг үг л төгс тохирно” гээд хамтран бүтээсэн олон жилийн өмнөх шилдэг номеруудаасаа үзүүлэв. Энэ хэсэг үзэгчдийн хувьд хамгийн сонирхолтой байлаа. Гавьяат жүжигчин С.Өлзийхүү 1992 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн даруйдаа Драмын театрт хуваарилагдаж байжээ. Ирсэн даруйдаа л театрын гол ба туслах дүрүүдийг чадамгай бүтээх болсон түүний талаар Ардын жүжигчин Н.Сувд “Драмын театрын босгыг давж орно гэдэг амьдралынхаа нэгэн том босгыг давж байгаа л гэсэн үг. С.Өлзийхүү энэ давааг нэг ч удаа шантралгүйгээр давж гарсан” гэж үнэлж байв.

Тоглолтын дунд хэсэгт найруулагч И.Нямгаваагийн бүтээл, жүжигчний хувьд дэлгэцийн анхны гол дүрийн бүтээл нь болох  “Цахилж яваа гөрөөс” киноны дууг тоглолтын эзэн маань дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран дуулж, хүү Х.Сумъяадоржтойгоо хамтран бас нэгэн бүтээлийг толилуулсан. Дуу, дурсамж, авьяас билэг, уярал уясал давхацсан нэгэн үдэш үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй байв. Жүжигчин С.Өлзийхүүгийн ертөнцөд насан багадаа алдсан ээж, аав нь, насаараа хайрлана гэж амласан эр нөхөр нь болох найруулагч Ц.Хүсэлбаатар, оонын эвэр шиг хоёр сайхан үр нь, хамгийн чухал нь Өлзийхүүг хүндэтгэн ирсэн, түүний өөрийнх нь хүндлэн урьсан үзэгч олон багтаж явдгийг “Миний ертөнц” тоглолт бүрэн дүүрэн илэрхийллээ. “Амьдралд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй ч үзэгчгүйгээр би хэн чи биш. Та бүхний урам намайг энэ өндөрлөгт хүргэсэн” гэдэг үгийг баглаа цэцэг болгон тайзнаас илгээсэн тэрбээр нулимсаа барьж дийлээгүй юм. С.Өлзийхүүд үзэгчид хэчнээн хайртайг, тэр өөрөө үзэгчдэд ямар их хүндлэлтэйг энэ тоглолт эхнээсээ дуустал илэрхийлэв.

Тоглолт дууслаа. Тоглолт дуусахад “Энэ ертөнц, энэ цаг хугацаа, энэ амьдрал ямархан сайхан юм бэ” гэж сэтгэл өөрийн эрхгүй цэлмэх шиг санагдав. Эрч хүчтэй энэ ганцхан бүсгүй танхим дүүрэн хүнийг тэгж гоё цэнэглэж чадсан байлаа. Тэр өөрөө, түүний ертөнц улам бүр залуужсан мэт...

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nar(66.181.161.37) 2019 оны 05 сарын 17

Saihan jyjigchin

0  |  0
хайр(202.9.43.212) 2019 оны 05 сарын 16

сайхан жүжигчин шүү чи мундаг

0  |  0
Zochin(66.181.182.206) 2019 оны 05 сарын 16

Saihan toglolt bolsoon.Hoshin shogiin jujigchdees Бооёо үнэхээр хол тасарчихсан юм бналээ үнэхээр мундаг байсан

0  |  0
Chuluunbat Baigalmaa(150.129.141.250) 2019 оны 05 сарын 15

Hamgiin sain saihniig husii! Saihan aviyaslag goyo busguide az jargal husie! Ter goyo duuni uge butneer n taviad ugeereI gej husej bna! Ih saihan ug aytai yum bilee! Saihan duulsan shuu! Bayar hurgie! Amjilt husie! Burhan urshuu! Deedes iveege!

0  |  0
Gerelmaa(122.201.21.65) 2019 оны 05 сарын 15

Mash goy toglolt bolson .saihan jijigchindee amjilt husey.

0  |  0
11(139.5.219.140) 2019 оны 05 сарын 15

Сайнжүжигчин, сайхан эмэгтэй. Их зөв хүн юм даа гэж бодож хүндэтгэж явдаг даа

1  |  0
Зочин (66.181.189.90) 2019 оны 05 сарын 14

Ёстой мундаг гэхдээ тоглолтын товыг сонсоогүй өнгөрөөчихөж ..Хайран юм

0  |  0
Баяр(139.5.219.89) 2019 оны 05 сарын 15

Таалагдаагүй.цагтаа эхлэхгүй бүдүүлэг.хүмүүсийн цаг үрсэн шал тэнэг

0  |  1
zz(122.201.24.227) 2019 оны 05 сарын 14

Сайхан тоглолт болсон Өлзийхүү үнэхээр хөдөлмөрч эмэгтэй танд дахин дахин баяр хүргэе!

1  |  0
Suren(202.179.26.53) 2019 оны 05 сарын 15

Bayar hurgie.tsahilj yavaa goroos deer goyo togloson shu

1  |  0
Top