Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх, Тацүнами дэвжээний Ханаказэ Зуны тэмцээний анхны барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Жонокүчи зиндааны баруун жигүүрийн 4-т бичигдсэн Ханаказэ энэ сарын 28-нд 49 нас хүрэх бөгөөд өнөөдрийн өрсөлдөгч нь түүнээс 32 насаар дүү, 16 настай Мацүгашима байлаа. Хүүхэд шигээ өрсөлдөгчөө зовох юмгүй унагаасан Ханаказэ ийнхүү мэргэжлийн сүмо дахь 639 дэх ялалтаа авснаас гадна бас нэгэн рекорд амжилт тогтоосон юм. Тэрбээр Шёова, Хэйсэй, Рэйва эринд барилдсан анхны сүмоч боллоо.
Ханаказэ 1986 он буюу Шёовагийн 61 онд мэргэжлийн сүмод элссэн. Хэйсэй эринд 2008 оны Намрын тэмцээнээс бусад бүх тэмцээнд оролцож, ийнхүү Рэйва эринтэй золгожээ. Энэ Зуны тэмцээн бол түүний барилдсан 199 дэх башё болж байгаа юм. Тацүнами оякатагаасаа нэг жилийн өмнө мэргэжлийн сүмод орсон бөгөөд 2011 оны Нагоя башёгоос хойш хамгийн ахмад сүмочийн хэргэмийг зүүж байна.
Шёова эрин 64 жил үргэлжилсэн тул Тайшёо, Шёова, Хэйсэй гэсэн гурван эринд барилдсан бөх байхгүй. Шёовагийн анхны башё болох 1927 оны Хаврын тэмцээнд зодоглосон 29 дэх ёкозүна Миягияма, 30 дахь ёкозүна Нишиноүми, 31 дэх ёкозүна Цүнэнохана нар Мэйжи, Тайшё, Шёова гурван эринд барилдсан анхны бөхчүүд болсон.
Сэтгэгдэл ( 0 )