Охиноо олон хоног ганцааранг нь орхисон эхийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд хойд хөршийн нийслэл Москва хотын орон сууцны нэгэн байрнаас жаахан охин тасралтгүй уйлах дуу гарах болсон тул хөрш айлынхан нь цагдаа дууджээ. Цагдаагийн ажилтнууд хаалгыг эвдэн байранд нэвтрэхэд таван настай охин хогийн сав шиг эмх замбараагүй гэрт ганцаараа уйлж байж.

Энэ мэдээ тэр даруй Орос даяар тарж, улс орон даяараа таван настай охины хувь заяанд анхаарал хандуулах болжээ. Харин олон хоног гэртээ ганцаараа, идэж уух юмгүй харанхуй орчинд байсан охиныг хэвлэлийнхэн “Маугли-Охин” гэж нэрлээд амжсан юм.

Удалгүй охины ээж Ирина Гаращенког баривчлан, хүний амийг санаатайгаар хөнөөхөөр завдсан хэрэгт сэжиглэн хорьсон байна. Ирина Гаращенко мэдүүлэгтээ “Амьдралдаа анх удаагаа л охиноо ганцааранг нь үлдээсэн юм. Тэр минь гайгүй юу?” гэж санаа зовсон өнгөөр асуусан гэнэ.

Тэрбээр Москвагийн хэд хэдэн айлын гэрийг цэвэрлэж, багагүй хэмжээний мөнгө олдог, түүгээрээ охиноо ганцаараа тэжээн өсгөсөн ажээ.

Ирина Гаращенког хорихдоо сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нь давхар шалгасан байна. В.П.Сербийн нэрэмжит сэтгэц мэдрэл болон наркологийн төвийн эмч нар Ирина Гаращенког сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ насан туршдаа эдгэршгүй өөрчлөлттэй бус харин эмчилгээний үр дүнд эдгэж, эх байх эрхээ сэргээх бага ч гэсэн магадлал бий гэж эмч нар мэдэгдсэн байна.

Ирина Гаращенко шүүх хурал дээр гэрээ цэвэрлэдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө буруугүй гэж үзэж буйгаа хэлжээ. Мөн охиноо хооллодог тул сульдаа болсон байх учиргүй зүгээр л туранхай охин байгаа юм гэж маш зөөлөн дуугаар өгүүлсэн гэнэ.

Люба охиныг цагдаа нар олоход юу ч ярьж чадахгүй, хүмүүсээс айж цочирдсон шинжтэй байжээ. Одоо охин эрүүл мэндийн төвд тэнхэрч, бусадтай жирийн инээж ярилцах чадвартай болсон байна.

Люба охиныг үрчилж авах хүсэлтээ олон хүн гаргаад байгаа гэнэ. Харин охиноо олон хоног ганцааранг нь орхисон 47 настай эхийнх нь хувь заяаг шүүх эцэслэн шийдэх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top