Рэйва тооллын анхны тэмцээний гол бөхөөр нэрлэгдэж байсан шинэ озэки Такакэйшёо өчигдрийн /2019.05.15/ барилдаанд баруун өвдгөндөө хүнд гэмтэл авч, Зуны тэмцээнийг орхихоос өөр аргагүй боллоо. Тав дараалан унаад байсан комүсүби Митакэүмиг цолны эрэмбээ харуулан давсан ч өвдгөндөө эмзэглэж байгаа нь харагдсан билээ.
Сэтгүүлчид барилдааны дараа гэмтлийн талаар асуухад Такакэйшёо “Зүгээр” гэхээс өөр үг хэлээгүй. Угаасаа элдэв шалтаг хэлээд байдаг бөх биш тул байдлыг харахад нэлээд ноцтой бэртэл бололтой харагдаж байлаа.
Өнөөдөр өглөө Чиганоүра дэвжээний гадаа сэтгүүлчид цугласан. Чиганоүра ояката “Гэмтэлтэй барилдаж байж сэдрээгээд эхэлж байгаа замналаа төгсгөж таарахгүй. Хэчнээн цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй, бүрэн эдгээж байж л дохён дээр гаргана. Өөрөө барилдах хүсэлтэй байгаа ч би хориглосон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнөөдөр Такакэйшёотой барилдах байсан Тамаваши даваа авсан бол Такакэйшёо хэрэв Зуны тэмцээний голоос дахин барилдахгүй бол Нагояд кадобан болох юм.
Шинэ озэки цолтой бөх анхны тэмцээндээ гэмтэж байгаа нь кадобан системтэй болсон 1969 оноос хойш найм дахь тохиолдол. Дараагийн тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлэлгүй, цолоо алдсан нь ганцхан Мүсояма байдаг. Гэхдээ Мүсояма цолоо алдсаныхаа дараагийн башёд 10 ялж, озэки цолоо буцаан авсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Точизума бүр гурван удаа алдаад буцааж авч байв