Х.Баделхан: Ипотекийн зээлд ингэж хандаж болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн хүртээмжийн талаар лавлав. Үүнд БХБ-ын сайд Х.Баделхан “Гэр хорооллын инженерийн дэд бүтэцгүйгээс болоод дахин төлөвлөлт зогсчихсон байгаа. Сүүлийн хоёр жил санхүүжилт хийсэнгүй. Ипотекийн зээлийн хөтөлбөр ирэх жил Засгийн газарт шилжинэ. Үүнийг үндсэн чиглэлд тусгах хэрэгтэй. Гэтэл ирэх жил ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ арай дэндүү тоо. Ипотекийн зээлд ингэж хандаж болохгүй” гэж байр сууриа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top