Монгол Улсын бүтээн байгуулалтын гол талбар болох барилга, хот байгуулалтын салбарын үйл ажиллагаа өргөн тэлж, хямралаас гарч байгааг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээллээ. Тэрбээр өнөөдөр /2019.06.20/ сэтгүүлчдэд барилгын салбарт баримталж буй бодлого үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгөхдөө ийн хэлсэн юм. Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжихээр болжээ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс БХБ-ын сайдын багцын хүрээнд 322.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна.
Барилгын салбарын тэлэлтийг статистик баталж байгаа юм.
Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:
2016 он 949.0 тэрбум төгрөг
2018 он 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн.
Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 он 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 он 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ.
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ:
2017 он 118 тэрбум төгрөг
2018 он 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 он 778 мянган төгрөг
2017 он 842 мянган төгрөг
2018 он 931 мянган төгрөг
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.
Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгосноос 56.6 мянга нь барилга угсралт, 10.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэл, 7.7 мянга нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, 1.0 мянга нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, 0.2 мянга нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Мөнгө хийх яахав ээ. Хотынхоо утааны асуудлыг хамт шийджжд явах хэрэгтэй. Салхиныхаа дээд талд буй Дэнжийн 1000, Зурагт, 32 -ийн тойрогоосоо эхэлж барилгаэуулах хэрэгтэй. Ногоон нуурт бол барилга биш цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй. Хуучин нуур байсан газар устай мод ургамал сайн ургана.