УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр БХБ-ын сайд Х.Баделхан УИХ-ын гишүүдээс ипотекийн зээлд хөрөнгө тусгахад онцгой анхаарахыг хүсэв.
Сайдын мэдээллээр ипотекийн зээлийн өсөлт өндөр, орон сууцны нийлүүлэлт их байгаа ч ипотекийн зээл олголт хангалтгүй байгаа аж. Тэрбээр “Энэ жил ипотекийн зээлд Монголбанкнаас 200 тэрбум, банкуудын өөрийн эх үүсвэрээс 115 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөсөн. Яамны зүгээс 12 мянган иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. 2020 оны төсвийн төсөл дээр 60 тэрбум төгрөг орж ирсэн. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Ипотекийн зээл авах хүсэлтэй 43 мянган иргэн байгаа. Орон сууц нь бэлэн байна. Харин хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байна. Гэтэл инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жилд ямар ч мөнгө тавигдсангүй. Инженерийн дэд бүтцийн ажил хийгдэхгүй байгаа. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд онцгой анхаарахыг хүсье” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )