Тариалалтад зориулж  1.2 мянган тонн шатахуун зээлээр олгожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

2019 онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо,35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл хангаж, хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд тавдугаар сарын 12-ноос хаврын тариалалтыг эхлүүлээд байна.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах ба тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой гэж үзжээ.

Тавдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 33.5 мянган га-д үр тариа, үүнээс 31.4 мянган га-д улаанбуудай, 800 га-д төмс, 669га-д хүнсний ногоо, 1901 га-д тэжээлийн, 5706  га-д тосны ургамал, нийтдээ 42.5 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.7 хувьтай, төмс 5.8 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан 228 аж ахуйн нэгж, иргэнд 9.7 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 225 аж ахуйн нэгж, иргэнд  1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байхаар урьдчилсан төлөв гарч байна. Түүнчлэн 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top