Туркийн элчин сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санаачилгаар БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язал Монголын сэтгүүлчидтэй албан бус уулзалт хийлээ (2019.05.15).

"Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болсон тус уулзалтад Монголын сэтгүүлчдийг төлөөлж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон бусад албаны төлөөлөгч, удирдлагууд, 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, сэтгүүлчид оролцсон бол Туркийн талыг төлөөлж элчин сайдаас гадна “Туркиш Эйрлайнс”-ын төлөөлөгч Али Өздемир, ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгч Серкан Улуёол нар оролцож Монгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Улаанбаатар, Истанбулын хооронд шууд нислэг үйлдэж байгаа “Туркиш Эйрлайнс”-ын зорчигч болон ачаа тээврийн нөхцөл байдал, цаашид зорьж байгаа зорилт, зарим саад бэрхшээлийн талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Туркийн элчин сайд М.Ахмет Язал өнө эртний түүхийн шижмээр холбоотой хоёр орны ард түмний харилцан ойлголцол, үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, боловсрол, соёл, түүх археологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд газарзүйн хувьд хол орших хоёр орныг холбох хамгийн дөт зам бол агаарын зам болохыг тодотгож, зургаан жилийн өмнөөс Турк, Монголын хооронд МИАТ компанийн хамтаар шууд нислэг үйлдэж эхэлсэн “Туркиш Эйрлайнс” компанид олгосон зорчигчийн тооны хязгаарлалт нь өнөөгийн нөхцөл байдалд нийцэхээ больж, аялал жуулчлал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа талаар судалгаа, тоо баримтад тулгуурлан мэдээлэл хийсэн юм. Тэрээр өөрийн ашигласан тоо баримтыг Монгол улсын төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлд тулгуурлан гаргаснаа тодотгоод одоогоор долоо хоногт 500 зорчигчийн хязгаартай байгаа “Туркиш Эйрлайнс”-ын шууд нислэгийг зорчигчийн тоо хязгаарлахгүй өдөр бүр нислэг үйлддэг болговол зорчигч тээвэр дөрвөөс тав дахин нэмэгдэж жилдээ 90 мянгад хүрэх бол ачаа тээвэр 73 дахин өсөж энэ хэрээр хоёр орны худалдааны эргэлт тэлэх ба зөвхөн нислэгийн үйлчилгээний төлбөр 9 дахин нэмэгдсэнээр жилд 35 сая ам.доллар Монгол улсад шууд орох тооцоотой байгааг дуулгав. “Туркиш Эйрлайнс” нь одоогоор 124 улсын 306 чиглэл буюу дэлхийд хамгийн олон улс орон уруу нислэг үйлддэг гэлээ.

2018 онд БНТУ-ын нийт гадаад худалдаа 400 тэрбум ам.доллар давсан бол тэндээс гадагш аялсан жуулчид 6 саяд хүрсэн бөгөөд Туркийн ард түмэн Монгол орныг өөрийн өвөг дээдсийн түүхтэй салшгүй холбоотой дэлхий дээрх цорын ганц өлгий нутаг хэмээн дээдлэн үздэг тул тус улсаас Монгол улсад аялах сонирхолтой жуулчид үйлдэж байгаа шууд нислэгийн хязгаарт тултал нэмэгдэх бүрэн боломжтой гэж үзсэн аж. Зөвхөн шууд нислэгийн хүрээнд Монголын эдийн засагт орох орлого 10 дахин нэмэгдэж 150 сая ам.долларт хүрэх тооцоо хийсэн талаараа дуулгав.

Мөн 2016 оны 7-р сарын 15-нд БНТУ-д болсон төрийн эрхийг хууль бусаар гартаа авахыг оролдсон үйл явдал, Фетхуллах Гүлений террорист байгууллага гэгдэх ФЕТО-гийн талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон бусад сэтгүүлчид дээр дурдсан шууд нислэгийн тоог нэмэгдүүлснээр МИАТ компанид хэрхэн нөлөөлөх талаар бодитой тооцоо судалгаа бий эсэх, ФЕТО байгууллагатай холбоотойгоор Монгол дахь Туркийн хөрөнгө оруулалттай зарим сургуулиудын хувь заяа хэрхэх, тэнд суралцаж байсан сурагчдын боловсролын чанарыг хэрхэн дордуулахгүйгээр шийдвэрлэх тухай болон хоёр орны хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хамтын ажиллагааг бий болгоход чиглэсэн ямар ажил төлөвлөж байгаа талаар асууж тодрууллаа.

Элчин сайд М.Ахмет Язал “Туркиш Эйрлайнс”-ын шууд нислэг нь МИАТ компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, харин ч нислэгийн тоо нь дагаад нэмэгдэх сайн талтай гээд хоёр компани зарим нислэг, чиглэлүүдээ хуваалцаж ашиглах боломжтой талаар ярилаа. Харин Монгол дахь Турк сургуулиудын талаар суралцах орчин, багш ажилчдын ажлын нөхцлийг өмнөхөөс нь ч сайжруулах талаар бодитой ажлууд хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байгаагаа хэлээд хэвлэл мэдээллийн салбарт Туркийн Радио Телевиз буюу TRT болон МҮОНРТ, Анатолу агентлаг болон Монцамэ агентлагийн хооронд өмнө нь харилцаатай явж ирсэн ба ирэх 6-р сард Монгол улсын Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлдчийн нэгдсэн эвлэл, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа “Медиа тур-2019” төслийн хүрээнд БНТУ-д ажлын айлчлал, аялал сурвалжлага хийх ажилд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хооронд нь холбон зуучлахаар ажиллаж байгаа гэж хариуллаа.

Монголын сэтгүүлчид болон БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зангиагүй уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд амжилттай болж өндөрлөлөө.  

 

Top