Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Энэ долоо хоногт нутгийн ихэнх хэсгээр цаг агаар тогтворгүй, цасан болон шороон шуурга шуурч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь болон говийн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурч, их хэмжээний цас орсон бол сүүлийн өдрүүдэд Хөвсгөл, Увс, Архангай, Завхан, Хэнтий зэрэг аймгуудын зарим нутгаар их хэмжээний цас орлоо. Энэ сарын 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0,0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21 см, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 см орсон байна. Өчигдөр /2019.05.16/ өглөөний байдлаар Хөвсгөл аймгийн ихэнх сумдаар, Увс, Завхан, Хэнтийн хойд, Архангай, Булганы зүүн хэсгийн сумдаар 1-18 см цасан бүрхүүл тогтсоноос Хөвсгөлийн Эрдэнэбулганд 18 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Хөвсгөлийн Хатгал, Шинэ-Идэр, Архангайн Түвшрүүлэх, Хэнтийн Дадал зэрэг сумуудад 9-12 см зузаан цас ороод байна.

Харин Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын ихэнх нутгаар өнгөрсөн өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурлаа. Шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, Дорнод, Сүхбаатар аймгуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг  түр хугацаагаар зогсоож, өчигдөр замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн. Говь-Алтайн Бугатад түр зуур секундэд 34 метр, Дорноговийн Сайншанд, Хөвсгөл, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьгангад түр зуур секундэд 27-29 метр хүрч салхилсан нь цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хот орчмоор: уржигдар шөнө 0.6 мм бороо, нойтон цас орлоо. Салхи баруун хойноос 7-12 метр. Өчигдөр өдөр сэрүүсч +5...+7 градус байв.

Ойрын өдрүүдэд ч цаг агаар сайнгүй байх нь. Өнөөдөр /2019.05.17/ баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, маргааш нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи энэ сарын 17-20-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна. Цаг агаар ойрын өдрүүдэд ч сайнгүй, салхи шуургатай байх тул иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө -3,  өдөртөө 6 хэм дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top