Дайны талбар мэт болчихсон иргэдийн сэтгэл зүйд буутай хүмүүс шударга үнэнийг тогтоох уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Ороо бусгаа цагийн салхин дунд алхаж л явна монголчууд. Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг бичигдсэнээс хойш нэгэн зууныг алхаж буй ч тус өгүүллэгт гардагчлан цагийн байдал ороо бусгаа, хөдөөгийн байдал шалдар булдар тэр л янзаараа. Нийгэм бүхэлдээ солигдсон ч нийтээрээ үзэн ядах, хараан зүхэхээс эхлээд байж болох бүхий л айдас дунд бид алхаж явна. Нэг давхар монгол гэрт амьдарч ирсэн монголчууд нэжгээд давхар орон сууцанд амьдрах болсон ч нийгмийн сэтгэл зүй монгол гэртээ л байх. Нийгмийн сэтгэл зүйд буу тулгаж, бурхангүй газрын бумба галзуурах мэт энэ айдсыг бид өөрсдөө бий болгосон.

Өнгөрсөн 29 жилийн хугацаанд өндөр байшингууд сүндэрлэж, үнэтэй машинууд хотын төвөөр салхи татуулан давхилдаж, брэндийн гутал, цүнх, хувцас өмсөн бидний хэрэглээ хязгааргүйгээр хэмжигдэх болсонд “БРАВО” гээд хэлчихмээр. Сайнтай муутайгаа сав дүүрдэг гэдэг ч энэ савыг дүүргэх бүхэн нь саар байгаад л сэтгэл зовних. Энэ бүгдийн цаана нийгмийн сэтгэл зүй гээгдэж, буруу бүхэнд уулгалан довтлох хүн сүргийн цар хүрээ нэмэгдэж байгаа нь хүний хамгийн наад захын хэрэгцээ болох тайван амьдрах нөхцлийг устгаж байгаа юм. Дэлхий хаашаа явна түүнийг дагах ёстой хөгжлийн хурд, нийгмийн сэтгэл зүй бидний унадаг ганган хээнцэр машин шигээ байх ёстой ч бид хөгжлийн унаанд морин тэрэгтэйгээ дайгдан шинэ зууны босгыг давлаа. Зах замбараагүй мэдээллийн урсгал дунд монголчууд өдөр бүр “хүчиндүүлж” тэндээс авах мэдээлэл нь уур бухимдлын дээд цэгт очин “дэлбэрч” байна.

Автобус, такси, лифт, хоолны газар, хүүхдийн цэцэрлэг гээд “үнсэх зай”-гүй болтлоо бид үзэн ядалтын үүр уурхайд амьдрах болов. Мэдэхгүй юмгүй монголчууд, мэддэг юмгүй монголчууд ингэж л нийгэмдээ бухимдлын үрээ цацсаар.

Хүний эрх нэрээр бүгдийг эрх чөлөөтэй болгосон нь нийгмийг стрессдүүлэх гол шалтгаан болж байгаа талаар нэгэн эрдэмтэн ярьсан байх юм. Эрх чөлөө нэрийн дор цаг ямагт хэрэглээгээ хэтрүүлдэг ядаж уух архиа тохируулж чадахгүй мал болтлоо уучихаад агсам тавьдаг Монголчууд. Хамгийн наад захын жишээ энэ. Нийгмийг эзэмдсэн айдас, үзэн ядалт, хардлага сэрдлэг хажуу хавирганаас цаг ямагт хатгана. Энэ сэтгэл зүй дээр улстөрчид дуртай тоглолтоо хийж 2020 ондоо бэлдэж байна шүү дээ. Нэг тийм тодорхой бус зүйлийг ч далимдуулахдаа хамгийн чадварлаг хүмүүс нь улстөрчид. Нэг үгээр хэлбэл тэд нийгмийн сэтгэл зүйг ганган пиджак, гоё зангиатай, онч мэргэн үгс цээжилсэн ах нар удирдаж байгаа юм. Хамгийн гоё нь тэдний хэн нь ч буруугүй, бүгд шударга.

Аз жаргалын үнэлэмж, баярт мэдээ, дулаан үгс өдрөөс өдөрт ул болж, халтар таван төгрөгний араас баяр баясгалан бүхнээ чулуунд ороогоод монгол хүн монголчууд руугаа шидэж байна. Бидний харах өнцөг энэ зүгт давамгайлах болсоор удлаа. Хөгжлийн шинэ гарц хогийн саванд шидэгдэж, хов живээр хооллож ундаалсаар бор хоногийг өнгөрүүлж, хийрхсэн улстөрчдийн амны салиагаар нийгэм бүхэлдээ урсаж байна. Чөлөөт нийгэм гэдэг гоё үг чөлөөт хөгжлийн, чөлөөт өрсөлдөөний зам байх ёстой. Харамсалтай нь харлуулах, үзэн ядах, хараан зүхэх, хамаг байдгаа хэмхчин эвдэхээс эхлээд шударга ёсоор цангасан ард түмэн шударга бус зүйлс рүү хэтэрхий их шунамхайран дайрцгаах болов. Энэ нь тухайн хүнд туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь аймшигтай. Сэг зэмэн дээр чуулалдсан хэрээний сүрэг мэт монголчууд хэрүүл дээр найрлах болж. Энэ бүхний үүтгэл юу байв гэтэл иргэдийн 65 хувь нь төрдөө итгэхээ больсонтой холбоотой гэдгийг судлаач О.Лхагвадорж онцолж байв. Өөрийг нь хамгаална, халаасных нь таван төгрөгийг нэмэгдүүлж, ажил орлоготой болгоно гэж амласан улстөрчид нь амлалтдаа хүрэхгүй байгаа нь төрд итгэх иргэдийн илтгэл алдрахад нөлөөлдөг гэжээ. Бид дор бүрнээ л хөгжлийн төлөө зүтгэж байгаа гэж өөрсдийгөө зөвтгөж ойлгодог. Гэхдээ яг ямар хөгжлийн төлөө зүтгэж байна вэ гэхээр хариулт байдаггүй. Итгэх итгэлгүй харанхуйд нүдээ таглуулсан ард түмэн зул барьсан хэнийг ч даган хошуурч байгааг буруутгах аргагүй мэт. Ингэж л улстөрчид уут саваа дүүргэх эхний алхмаа хийдэг.

Монголын нийгэм ямар байгааг хэдхэн тоон жишээн дээр дурдъя. Монгол Улсад 130 мянган ажилгүй иргэн байгаа судалгаа гарчээ. Тэгвэл архины хамааралтай хүний тоо 750 мянганд хүрсэн байна. Энэ нь нийт хүн амын 23 хувийг эзлээд байгаа бол хар тамхи хэрэглэгчдийн тоо 100 мянга шүргэж байна гээд бод. Жилдээ 500 орчим иргэн амиа хорлож байгаа статистик мэдээлэл гарчээ. Нийт хүн амдаа хуваагаад үзэхээр бид амиа хорлолтоор дэлхийд эхний гуравт орж байна. Монголчуудын 42.2 хувь нь буюу 1.3 сая иргэн өр зээлтэй байхад ийм нийгмээс ямар гэрэл гэгээ хүлээх вэ. Ийм тоон үзүүлэлтээс бид ямар сайн сайхныг хүлээж болох вэ. Ингээд үзэхээр 100 гаруй жилийн өмнө Д.Нацагдорж “Хуучин хүү”-гээ бичиж байснаас өнөө цагт хамаг бүхэн дордсон байж таарах нь. Ийм хүчгүй, ийм дорой, ийм гутранги сэтгэхүйгээр монголчууд цэнгэлийн манлайд хүрнэ гэвэл даанч хол санагдах. Дайны талбар мэт болсон иргэдийн сэтгэл зүйд буутай хүмүүс л шударга үнэнийг тогтооно гэсэн итгэл үнэмшил бий болж эхэллээ. Хүйтэн зэвсэг хүйтэн л байдаг. Гэвчиг үүнд дурлагчид борооны дараахь мөөг мэт олшрох болсон нь анзаарах л сэдвийн нэг болоод байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн сэтгэл зүй бүгд өөдрөг, сэтгэлгээний гажуудалгүй явдаг. Тэгвэл сэтгэлгээний гажуудлыг зориуд өдөөгч улстөрчид хийгээд популистууд улсаа хорлож байгаа биз. Тэд өдөр бүр шударга үнэний туйл мэт хэн нэгнийг харлуулсан хорт үгсээрээ нийгмийг утах болсоор өдөр хоногийг барж байх юм. Итгэл баян “Хүрээний бузрыг ухвал далай гэсэн үг” хэмээдэг дээ. Түүн лугаа улстөрчдийн булайг ухвал далай гэсэн үг. Албан тушаалын төлөө тэд өнгөрөгч хэдэн сард жинхэнэ булайгаа ухалцаж, Алтан тэвшийн хонхор дүүрэн булхайгаа ч нэг цацав даа. Энэ бүрт ард түмэн цахим сүлжээгээр боож үхэж, босч харайхаас наахнуур юм болж талцан дайтах нь холгүй байлаа. Гэр бүлдээ гаргаж чаддаггүй тэр үнэт цагаа бид улстөрчдийн булай булхайг сонирхоход зарцуулж байгаа нь харамсалтай. Үнэхээр сонирхохын аргагүй болтол нь тэд харлуулах төгс менежментийг хийж чадаж байна. Нөгөө талаас угийн сониуч монгол зантай нь холбоотой мэт. Улсаа хорлохын хэрээр нийгмийн сэтгэл зүй дарьтай торх мэт болж байгаа нь хамгийн аюул. Нэг л өдөр тэсэрч мэдэх дарьтай торхнууд цалгиж байна. Энэ бүхэн өнөөх л шударга ёсны төлөөх тэмцэл мэт харагдах ч дайн тулааны талбар мэт болсон биднийхээ сэтгэл зүй дээр өнөө хэд маань таанц эргэж байгааг нь харах мэлмийг хүртэл боочихсон байх юм. Дайны талбар мэт болчихсон иргэдийнхээ сэтгэл зүй дээр буутай шударга ёс тогтоох нэрээр нийгмийг талцуулж байна. Тэднээс шударга үнэнийг нэхэж чадах уу, бид. Тэдний өгөх шударга ёс нь яг юу юм. Тэд өөрсдөө шударга ёс мэт, тэд өөрсдийгөө тэнгэрийн элч мэт өргөмжилж чадаж байхад нийгмийн эд эс бид ухааны цараа, алсыг харах мэлмийгээ нээж, тас цавчиж баймаар байна шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top