Швейцарьт тоглох монгол сагсчин

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

"Тэд бидний тухай" 

fidesport.com (Швейцарь)

Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч, 18 настай Төмөрсүхийн Их-Уулыг Швейцарийн "FIDESPORT Group"-ын "Public Basketball" баг эгнээндээ нэгтгэлээ.

"FIDESPORT Group" нь 2019 онд байгуулагдсан Швейцарийн спортын бизнесийн хувийн компани бөгөөд мэргэжлийн тамирчдын менежментийг хариуцан ажилладаг. Группын эзэн Стефано Липс сагсан бөмбөгийн спортод шинэ хүн ч мэргэжлийн спортын ертөнцөд 25 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. "FIDESPORT Group" гадаад дотоодын спортын менежмент, маркетингийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Стефано Липс анх Т.Их-Уулыг нээж олсон юм. Т.Их-Уул бол Монголын оюутны лигийн аварга, шилдэг довтлогчийн шагналтай залуу. Липс түүнийг тун авьяастай, ирээдүйтэй гэдгийг олж харсан тул багтаа авахаар махруу зүтгэсний эцэст ийнхүү нэгтгэж чадлаа. Т.Их-Уултай өнгөрсөн сард гурван жилийн хугацаатай мэргэжлийн гэрээ байгуулсан. Энэ сараас тэр багтайгаа нэгдэж, бэлтгэл сургуульд оролцох болно. Т.Их-Уултай байгуулсан гэрээ нь “FIDESPORT” групп ирээдүйтэй сайн тамирчин  олохын тулд алс холын Монголд ч очиход бэлэн гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Т.Их-Уул: 2000 онд төрсөн. 201 см өндөр, 98 кг жинтэй. 46 размерийн гутал өмсдөг. Хобби нь холимог тулаан.

Т.Их-Уул бол нуруу өндрөөс гадна маш авьяаслаг тоглогч. Өөрийн насны ангилалд бол Ази тивд шилдэгт тооцогдоно. Түүнийг ойрын хэдэн жилд сагсан бөмбөгийн ертөнцийг гайхуулах “мэргэн бууч” болно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч хол зайнаас, хэцүү байдлаас тэр шидэж, гоол оруулж чаддаг. Хамгаалалтад тун сайн тоглодог. Хөнгөн, хурдтай, мэдрэмж сайтай гээд түүнд шилдэг хамгаалагч болох бүх чанар байна. Мэргэжлийн бэлтгэл хийгээд эхлэхээр түвшин нь улам дээшлэх нөөц бололцоотой тамирчин. Энэ зун "Public Basketball" баг Т.Их-Уулыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top