Шинэ озэки Такакэйшёо Зуны тэмцээнд гэмтэл аваад тэмцээнээс гарсан билээ. Гэвч хоёр өдөр өнжөөд дахин барилдсан. Аойямад тачиай дээр зайлуулаад унасан Такакэйшёо маргааш нь дахиад тэмцээнийг орхисон. Энэ удаад түүнтэй учраа таарсан байсан озэки цолоо буцаан авахаар зүтгэж байгаа Точиношин барилдалгүй ялсан төдийгүй 50 хувийн амжилт үзүүлсэн юм.
Озэки цолтон тэмцээнийг орхиод, буцан ирээд, дахин тэмцээнээс гарна гэдэг сүмогийн түүхэнд анх удаагаа тохиолдож байгаа явдал аж. Кадобан болохгүйн тулд үхэн хатан зүтгэж байгаа нь ойлгомжтой ч түүнийг шүүмжлэх хүн сүмогийн ертөнцөд олон байна. Аойямад ялагдсаны орой Чиганоүра ояката түүнд утсаар “Тэмцээнээс гарья” гэхэд Такайкэйшёо “ойлголоо” хэмээн хүлээн авсан гэнэ. Анх гэмтэхдээ эмчээс 21 хоногийн эмчилгээ хэрэгтэй гэж оношлуулчихаад хоёр хоноод дахин барилдсан түүнийг багш нь хамгаалж “Дахиж барилдсан нь буруу шийдвэр байсан гэж би бодохгүй байна” гэж хэлсэн.
Харин Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Хүмүүс Точиношинийг барилдалгүй 50 хувиа хийхийг харах гэж ирээгүй. Том цолтой бөхийн хувьд барилдана, болино гэдэг нь зөвхөн түүний асуудал биш. Өрсөлдөгч бөхийн даваа унаа, үзэгчдийн таашаал гээд олон юмыг бодох ёстой” гэж ярьсан байна.
Комүсүби Митакэүми ч “Барилдах юм бол барилдаад, өнжих юм бол өнжсөн шиг өнжих хэрэгтэй. Озэки хүн “Барилдаад үздэг юм билүү, давах болов уу, яах бол” гэж бодож болохгүй” гэж хатуу үг чулуудсан байна.
Элдэв шүүмжлэл гараад эхлэхээр дээрээс нь элбэж муулдаг нь Японы хэвлэл мэдээллийн зан. Тиймээс Такакэйшёогийн багш Чиганоүра ояката тун болгоомжилж байна. Юуны өмнө шавиа эмнэлгээс өөр газар очихыг хориглолоо. “Эмнэлэг явж болно. Бусад үед гэрээсээ гарч болохгүй. Гадуур хоол идэх ч хориотой” гэсэн дэглэм тогтоожээ.
Ирэх зургадугаар сарын 16-нд болох Такакэйшёогийн Озэки цолны найр Сүмогийн холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээ тул явагдах ч бусад ёслол, телевизийн нэвтрүүлэгт шинэ озэкиг оролцуулахгүй болсон байна.
Мөн ояката өөрийн биеэр Сүмо бөхийн холбооны удирдлагатай уулзаж, “Такакэйшёо хоёр удаа барилдалгүй өрсөлдөгчдөө ялалт өглөө. Уучлаарай” хэмээн хүлцэл өчжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Юу хэлэх гээд бантагнуулаад байгаа юм бэ? Ахин мэдээдэл бичихээ больчих за
Yamar ch ur oilgomjgui bichlegtei medee ve. Setguulchid ee bichlegiin ur chadvaraa deeshluuleechee!!!