Р.Гантөгсийн шавь нар Японд сүмо бөхийн тэмцээнд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Энэ сарын 19-нд Каназава хотод Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн боллоо. Нийт 72 сургуулийн баг өрсөлдсөн тус тэмцээнд монголчууд маань амжилттай оролцлоо.

Багийн тэмцээнд Р.Гантөгс дасгалжуулагчтай “Тоттори Жёохокү” сургууль түрүүлж, зургаан жилийн дараа аваргын титмээ эргүүлэн авлаа. Энэ нь “Тоттори Жёохокү” сургуулийн 4 дэх аваргын цом юм. Шигшээ барилдаанд тус сургуулийн баг Күмамото мужийн “Бүнтоку” сургуулийг ялсан байна. Р.Гантөгс багшийн шавь нар энэ тэмцээний багийн барилдаанд нэг ч өвдөг шороодоогүй сайхан амжилт үзүүлжээ.

Энэ жилийн хоёрдугаар сард болсон Хиросаки тэмцээн, гуравдугаар сард болсон Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн “Тоттори Жёохокү” сургуулийн баг ийнхүү гурван тэмцээнд дараалан түрүүлээд байна. Дараагийн тэмцээн долдугаар сард болно.

Хувийн барилдаанд “Тоттори Жёохокү” сургуулийн монгол бөх Э.Даваанинж мөнгөн медаль хүртлээ. Э.Даваанинж шигшээ барилдаанд Вакамацү мужийн Ханадад унасан ч ахлах сургуулийн ёкозүна болоход нэг алхам ойртлоо гэж хэлж болно.

Э.Даваанинж -  2 метр өндөр, 165 кг жинтэй. Дунд сургуулийн нэгдүгээр ангиас “Тоттори Жёохокү” сургуульд шилжин суралцсан.

Р.Гантөгс багш бол Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки асан Тэрүнофүжи, Ичиножёо, Асахирюү, Роога нар сүмо бөхийн анхны гараагаа заалгасан шавь нар нь юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аварга болоорой(106.130.43.136) 2019 оны 05 сарын 24

5  |  3
Top