Бөх бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний спорт. Түүхэн эх сурвалж, баримт бичгээс үзэхэд эртний Грек, Турк, Япон, Египетэд бөхийн спортыг дээдлэн, хөгжүүлж байжээ. Тэр үеийн барилга, урлагийн бүтээл, домог, утга зохиолд бөхчүүдийг дүрслэн, харуулсан зүйл маш их. Бөх эртний олимпийн наадмын гол чимэг байв. Дундад зуунд ч бөх хамгийн нэр хүндтэй спортын төрөл хэвээр, Англи, Франц, Японд Эзэн хаан нь бөхийг хөхүүлэн дэмждэг байв.
1904 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 23-нд Австрийн Вена хотод бөхийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан юм. Энэ өдрийг 2013 оноос эхлэн “Дэлхийн бөхийн өдөр” болгон албан ёсоор зарлаж, бөхтэй холбоотой бүх хүний баяр болгон тэмдэглэдэг болсон билээ.
XX зууны эхээр чөлөөт бөхийн тэмцээн уралдаан явуулах дүрэм журмыг батлан гаргажээ. 1904 онд зохион байгуулагчдын шаардлагаар Сент-Луисийн олимпийн наадмын хөтөлбөрт бөх анх багтсан юм. Тэр наадамд зөвхөн америк бөхчүүд (40 бөх) оролцсон тул бүх медалийг мэдээж тэд авсан. Гэхдээ ямар ч гэсэн олимпийн бөхийн эхлэл тавигдсан юм. 1912 оны Стокгольмын олимпийн наадмаас бусад бүх олимпод чөлөөт бөх оролцсон бөгөөд америкчууд олимпийн медалийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. 1904 оноос эхлэн өдийг хүртэл тэд 100 гаруй медаль авсны 50 нь алтан медаль юм. Тэдэнтэй хуучин ЗХУ-ын бөхчүүд өрсөлдөж, тэр уламжлалыг нь одоо ОХУ үргэлжлүүлж байна. Олимпийн алтан медалийн тоогоор АНУ 50 алтан медальтай тэргүүлж, ЗХУ (31), Турк (18), Япон (17), ОХУ (17) удаалдаг билээ.
1912 онд бөхийн тэмцээн зохион байгуулах олон улсын хороо гэж байгуулагдсан. 1921 онд энэ хороо Олон улсын бөхийн холбоо FILA болон өөрчлөгдөж, 2013 оноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо болсон билээ. Холбооноос жил бүр 100 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулж байна. 1951 оноос насанд хүрэгчдийн, 1969 оноос өсвөр, 1973 оноос залуучуудын ДАШТ зохион байгуулагдаж байна.
Бараг бүх улс үндэстэн өөрийн гэсэн үндэсний бөхтэй. Турк, Япон, АНУ, Иран, Энэтхэг, Монгол, Узбекистан, Этиоп, Хятад, Их Британи, Швейцарь улсуудад одоо ч үндэсний бөх нь хөгжсөөр байна.
Монголынхоо үе үеийн бөхчүүд, дасгалжуулагч, шүүгч, бөхийн хорхойтнууддаа баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )