Ан агнуурын хориотой үед агнасан 600 гаруй загасыг хураан авчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг, Үндсэн хуульд заагдснаар. Гэвч бидний ихэнх нь орчиндоо хүнийрхэх сэтгэлээр ханддаг, байгаль хамгаалал нь дан ганц төрийн болон хяналтын байгууллагын эрх үүрэг гэж сэтгэх нь бий.  

Энэ хандлагыг өөрчлөх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ удаагийн аянаа “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн тус аяны онцлог нь “Бүтээлч” байдал болохыг сар гаруйн турш өрнөсөн ажлуудаас харж болохоор байна. Орон даяар мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулан стандарт, галын аюулгүй байдал зэрэг сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулж, бүгд нэгдэн нийгэмд тустай “хөдөлмөр эрхлэв”. Улаанбаатар хотод л гэхэд МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын санаачлагаар долоон мод модон материалын захын 150 гаруй ажилтан Туул гол орчмыг цэвэрлэн, 3.5 тонн хур хогоос салгажээ. Мөн ирэх намар 2000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна. 

Аяны хүрээнд хийгдсэн бас нэг ажил нь байгаль орчныг хамгаалахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татан оролцуулах, байгаль хамгааллын талаарх мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар, Ховд, Төв, Увс, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Орхон Сэлэнгэ аймгууд болон Нийслэлийн дунд, ахлах  ангийн сурагчдын дунд “Байгалиа хайрлая” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, танин мэдэхүйн лекц, “Ухаанаараа уралдъя", "Эх дэлхийн цаг-2019", "Байгалиа хамгаалъя” сэдэвт АХА цэнгээнт тэмцээн, байгальд ээлтэй сургууль болох 7 алхам зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Эдгээр арга хэмжээнд улсын хэмжээгээр нийт 96 сургуулийн 4682 сурагч хамрагджээ. Түүнчлэн нийслэл хот болон аймгуудад "Иргэдийн ухамсар-эрүүл хоггүй орчинд амьдарцгаая" сэдэвт хог цэвэрлэх аяныг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбай, далан сувгийг цэвэрлэн, үхсэн малын сэг зэмийг устган ариутгал халдваргүйтгэл хийсэн байв. Зөвхөн Хэрлэн голын дагуугаас л гэхэд 473 малын сэг зэм, 2118.4 тонн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна.

Үүний зэрэгцээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ойн түймрээс сэргийлэх, хориотой үед ан агнуур агнахгүй байх талаар  зөвлөмж  сэрэмжлүүлгийг өгч ажиллажээ. Энэхүү шалгалтын явцад 23 зөрчил илрүүлэн, ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авсан байна. Энэчлэн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг амжилттай зохион байгуулж,  улсын хэмжээнд 45 нэр төрлийн 312 ажлыг хийж гүйцэтгэснээр “Бүтээлч” тодотголтой аян амжилттай өндөрлөлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top