С.Эрдэнийг онхолдуулах “Х” төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

-“Х” төлөвлөгөөнөөс жийрхсэн С.Эрдэнэ Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх янз бүрийн арга сэдэж явна-

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ айдастай байна. Энэ айдас нь намын даргаа алдах вий гэсэн албан тушаалын айдас. Улс төрийн бусад хүчнүүд Ардчилсан нам руу уулгалан довтлоогүй нам гүм байхад нам дотроо бий болсон бүлэглэлүүд нь талцал хуваагдлын ангал руу түүнийг түлхэн унагахаар баруун, зүүн, хойд, урдаас нь уулгалан довтолж, түүнд сэхээ өгөхгүй байгаа юм. Ахарт цацсан шагай мэт тус бүртээ бие даахад бэлдэж буй намынхаа гишүүдийг нэгтгэн зангидаж чадахгүй болсон нь Ардчилсан намын сүүлийн хэдэн сарын гал шидэлцсэн үгсээс нь харж болохоор. Норовын Алтанхуяг С.Эрдэнэтэй “алалцана” гэдгээ албан ёсоор зарлаж Ерөнхийлөгчийн далбаан дороос ойр дотны хэдэн хүнээ дагуулан гарч одсон. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд долоо хоног бүр хэвлэлийн хурал зарлаж намаас гарч байгаагаа мэдэгдэн түүнтэй нэг тугийн дор нэгдэж чадахгүйгээ хэлцгээж байгаа.

Сонгинохайрхан дүүрэг гэдэг бол Алтанхуяг л даа. Түүний Их хуралд нэр дэвшин ялалт байгуулж байсан тойрог нь. Гэсэн ч С.Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Д.Батцогтоор Сонгины намаа атгуулахаар илгээсэн ч Д.Батцогт байтугай нь эвлүүлж чадахааргүй болсон нь өдөр бүр намын батлахаа “хаяж” буй гишүүдээс нь харагдах аж.

Норовын Алтанхуягтай хүч хавсран С.Эрдэнийг дайлаар мордох дараагийн хэсэг нь мэдээж Ардчилсан намаас “хөөгдөгсөд” буюу Л.Болд, Ж.Батзандан нар. Саяхнаас “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” хэмээх сүржин нэртэй нам байгуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлантай хамт “Монголын үнэртэй салхи”-ийг дуулсан шигээ аймгуудыг гороолж явна. Тэд дөрөө харшуулан Монголын улс төрд ямар үнэртэй салхи оруулахыг таашгүй. Гэхдээ хамгийн ойрын төлөвлөгөө нь С.Эрдэнийг “зайлуулах”. Түүнийг зайлуулан дархан цолоо мандуулах үест магадгүй “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нам нь хөдөлгөөн жигүүрийн байдалд шилжиж мэднэ. Тэгсгээд сонгуулийн өмнө мартагдана. Ер нь “хөөгдөгсөд”-ийн хувьд С.Эрдэнэ л алга болчихвол яаж ийж байгаад намдаа эргэж ирэх алхмуудыг хийж таарна.

С.Эрдэнийн тэргүүлсэн Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг сүүлийн үед эрс эсэргүүцэх болсон. Ардчилсан намаас нэр дэвшин Төрийн тэргүүний сэнтийд залрагчид энэ бүхэн таалагдахгүй байгаа нь үнэн. Тиймээс шүдний өвчин нь яах аргагүй Содномзундуйн Эрдэнэ болж таарч байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр Ерөнхийлөгч маань МАН-ыг бараг атгаж, намын дарга нь мэт болсон. Ийм тохиолдолд Ардчилсан нам МАН-ын дагуул мэт улс төрийн өнгөтэй явж болохгүй гэдэг утга бүхий ярилцлагыг манай сонинд өгсөн. Тиймээс Ерөнхийлөгч, С.Эрдэнэ ч тэр хоёр талдаа шүд зуун далд дайн өрнүүлж байна.

С.Эрдэнийг л зайлуулах гэж бүх талаар нь Ардчилсан намын хэсэг бүлэг нөхдүүд шахалт үзүүлээд байгаагаас биш түүний толгой тэднээс өмнө “ажилласан” байгаа юм. Юу гэхээр намын дарга болонгуутаа “Намын даргыг сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох эсхүл өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөх” заалтыг намын дүрмэндээ тусгачихсан. Өнөөдрийн энэ өндөрлөгт хүртлээ улс төрийн гал, усан дундуур туучсан С.Эрдэнэ өргөдлөө өгөөд явна гэвэл түүн шиг үлгэр үгүй. Харин сонгуулийн дүнгээр хариуцлага тооцох гэхээр 2020 оны сонгуулийг хүлээхээс өөр аргагүй. Тиймээс түүнийг огцруулах ганц боломж нь Хэнтий 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Хэрэв Ардчилсан нам нөхөн сонгуульд ороод ялагдаж хүлээж гэмээнэ “Сонгуулийн дүнгээр хариуцлага тооцох” нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Энэ боломжийг ашиглан С.Эрдэнийг унагах “Х” буюу “Хэнтий” төлөвлөгөөг түүний шүдэнд орсон мах мэт үзэгдэгсэд боловсруулж байна. Хэнтэй ч нийлж, юу ч хийж магадгүй. Энэ амжилтгүй болбол 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээхээс өөр ямар ч арга байхгүй гэсэн үг. Гэхдээ Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр эвлэлдэн тэврэлдэж Засгийн газраа хамтдаа байгуулж, санамж бичиг байгуулж байсныг яав ч мартаж болохгүй. Олдсон ганц боломжоо чулуу болгохын тулд нөхөн сонгуульд ямар нэгэн байдлаар оролцож ялагдуулах нь тэдэнд ашигтай. Улс төрд олон жил хортой, найртай явж ирсэн С.Эрдэнэ үүнийг гадарлахгүй өнгөрөв гэж. Нөхөн сонгуульд ялагдахыг нь хүлээгээд чимээгүй байгаа ашигтай боломж хаана байна тэнд гарч ирдэг хэсэг ч бий.

Тиймээс нөхөн сонгууль болгохгүй байх тал дээр С.Эрдэнийн талынхан хүч хаяад эхэлжээ. Харин эсрэгээрээ МАН-ынхан өндөр байгаа рейтинг дээрээ тулгуурлан ялалт байгуулах сонирхол хэдийн бий болсон гэх. МАН-ынхан ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа аж. Гэхдээ МАН, АН-аас нэр дэвшигчийн аль нэг нь заавал ялна гэсэн тоглоомын дүрэм байхгүй. Ийм тохиолдолд хоёр намын даргын зовлон нэг зүгт чиглэнэ гэсэн үг. Гэсэн ч МАН-ынхан дэндүү итгэл төгс, бардам байна лээ. Алдах юмгүй Хувьсгалт намынхан нөгөө хоёр намын “тулаан” дундаас бэрс гарах санаатай байгаа нь нууц биш. Тэр утгаараа Хэнтийн 42 дугаар тойргийн өрсөлдөөнд Ардчилсан намыг ялагдуулах цаашлаад С.Эрдэнийг унагах “Х” төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл ялалт байгуулсан нам ирэх оны сонгуульд оролцох рейтинг бага атугай ч өсөх юм. Тиймээс дарийн утааг зайлуулахын тулд С.Эрдэнэ өөрөө дарцаг болж “Засгийн газрыг огцруулахын төлөө бүтэн сар тэмцэнэ, жагсана” гэдгээ өнгөрөгч долоо хоногоос албан ёсоор хэлээд эхэлсэн. Засгийн газрыг огцруулах жагсаалыг энэ сарын 30-ний өдөр хийхээр болсноо өчигдөр хэвлэлийн хурал зарлах үеэрээ хэлж байв.

С.Эрдэнийг Ардчилсан намаас онхолдуулах “Х” төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүйн төлөө Ардчилсан нам бүхэлдээ хөдлөх нь. Бүхэлдээ гэдэг нь Н.Алтанхуяг, Л.Болд, Ж.Батзандан хийгээд түүнийг явчихаасай хэмээн ханцуйдаа нууцхан залбирч буй хүмүүсийн эсрэг С.Эрдэнэ “Э” төлөвлөгөө гаргаж ирэх болов уу. “Э” гэдгийг Эрдэнэ гэдэг нэрний эхний үсгээр авсан болно. Тэр зүгээр байж ялагдахгүй. Зүггүй байж байгаад ялахгүй ч байж мэдэх хүн. Тиймээс С.Эрдэнийг намаас явуулах “Х” төлөвлөгөөг Н.Алтанхуяг, Л.Болд, Ж.Батзандан нараар хязгаарлан ойлгож болохгүй. Тэдний цаана одоогийн Төрийн тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН хийгээд бусад нэр дэвшихээ илэрхийлсэн жижиг намууд байж байна. Хэрэв Хэнтийн нөхөн сонгууль болдог юмаа гэхэд Ардчилсан намаас нэр дэвших сонирхолтой хүмүүс хэд хэд бий. Тэдний нэг нь л нэр дэвших тул мандатаа авч чадаагүй бусад нь Ардчилсан намын нэр дээр бус бие даагчийн статусаар орж ирээд өөрсдийгөө Ардчилсан намын гишүүн мэтээр сурталчилгаа хийж санал хуваах төлөвлөгөө бий. Тиймээс л “Х” төлөвлөгөөнөөс жийрхсэн С.Эрдэнэ Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх янз бүрийн арга сэдэж явна. Хэнтийн сонгууль түүнд хамаагүй мэт ч намаа удирдаж чадаагүй гээд түүнд ирэх шахалт л одоогоор түүний агуу айдас болоод байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.20.41) 2019 оны 05 сарын 24

ЭНЭ БОЛ ЦЭВЭР У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАХИАЛГАТ МЭДЭЭ БНА. 1-РТ С.ЭРДЭНЭ БОЛОН ТҮҮНИЙ УДИРДАЖ БУЙ АН ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД БҮРЭН ДҮҮРЭН ИТГЭЛ ТӨГС ЯЛАЛТ АВНА. 2-РТ ТУС СОНГУУЛИЙГ МАН ЯВУУЛАХГҮЙ БАЙХ СОНИРХОЛТОЙ БОЛОХООС АН-Д ЯМАР Ч СОНИРХОЛ БАЙХГҮЙ. 3-РТ У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙН СОНГУУЛЬД ӨӨРӨӨ ДЭВШСЭН Ч ООЧИНО ГЭДЭГ СУДАЛГАА ГАРСАН. 4-РТ ИЙМ ЗАХИАЛГАТ МЭДЭЭГЭЭР АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХАА БОЛЬ.

0  |  0
zochin(66.181.160.91) 2019 оны 05 сарын 24

Erdeniig ogtsoruulj orond ni ter Galindeb gedeg zaluug darga bolgobol 2020 ond heden suudal abah baih. Erdene ene hebeeree baibal Ardchilsan nam gej baihgui boloh ni todorhoi. 3 E-d itgeh hun oldohgui bolsoon.

0  |  0
зочин(202.9.43.228) 2019 оны 05 сарын 24

АН дарга эрдэнээгийн үгэнд орохгүй нөхдийг бөлдөгдөнө шүү

0  |  0
Zochin(202.126.89.41) 2019 оны 05 сарын 24

Erdenetei 2020 ond yaj songuuld orokhob dee

1  |  0
Mongol(66.181.161.54) 2019 оны 05 сарын 24

Erdene zailaa. Chi vhwel taarna

0  |  0
**(107.77.204.37) 2019 оны 05 сарын 24

Алуурчин даргатай нам хол явахгүй дээ

0  |  0
19(66.181.186.196) 2019 оны 05 сарын 24

бгд_ ээ энэ мэлхийний гэр бүлээс гаргах сан.

0  |  0
иргэн(202.179.26.27) 2019 оны 05 сарын 24

Эрдэнээг дагаж 30 хоног далбаганах тэнэгүүд хир олон байгаа бол

0  |  0
Top