Жижиг банкууд зургаан  тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

2019 оны 05 сарын 24

ТОМ-3 БАНКНЫ АШИГ 15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давж байсан бол Монголын банкны холбооноос /МБХ/ гаргасан дөрөвдүгээр улирлын тоймд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрснийг тодотгож байсан. Тэгвэл 2019  оны эхний улирлын байдлаарх “Арилжааны банкуудын өрсөлдөөний тойм”-ыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргажээ. Банкуудын нийт актив 33.5 их наяд төгрөг болсон байна. Банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж буй. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж байна.

Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан.  Тэрчлэн Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан актив, зээл, ашиг, харилцах ба хадгаламж гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулжээ.

Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь ТОМ-3 банк, ДУНД-3 банк, ЖИЖИГ банкууд гэж ангилж байна. Актив нь таван их наяд төгрөгийг давсан Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкууд ТОМ-3 банк бол,  актив нь 1-5 их наяд төгрөгийн хооронд байгаа Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк ДУНД-3 банк юм. Харин актив нь нэг  их наяд төгрөгөөс доош хэмжээтэй Чингис хаан, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк,  Ариг банк, Богд банк, Кредит банк, Тээвэр хөгжлийн банк жижиг банкуудад тооцогдож байна. Арилжааны банкуудын үзүүлэлтүүдээс танилцуулъя.

13 БАНКНЫ НИЙТ АКТИВ 33.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ

Банкны салбарын нийт актив  энэ  оны нэгдүгээр  улиралд 33,5 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0,4 их наяд  төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4,6 их наяд  төгрөгөөр өслөө. ТОМ-3 банк нийт активын 68,2 хувь, Дунд-3 банк 23,8 хувь, жижиг банкууд 8 хувийг эзэлж байна.Жилийн өмнөх үетэй харьцуулахад ТОМ-3 банкны актив 14,7 хувь, ДУНД-3 банкны актив 20,1 хувь, жижиг банкуудын актив 44,1 хувиар тус бүр өсчээ. Өнгөрсөн улирлын активын өсөлтийг бүтцээр нь харвал банкны нөөц 46 хувь, дотоодын цэвэр зээл 4.7 хувь, үндсэн хөрөнгө 11.7 хувийн өсөлт үзүүлсэн байсан билээ.

80.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ БАЙНА

Банкуудын өөрийн хөрөнгө  нэгдүгээр улирлын байдлаар 3,35 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,19 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Харин банкны салбарын ашиг нэгдүгээр  улирлын байдлаар 80.8 тэрбум төгрөгийн ашигтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банкны ашиг 15 хувиар  буюу 15 тэрбум төгрөгөөр буурч 81 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. ДУНД-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тэрбум төгрөгөөр өсч 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

ХАРИЛЦАХ БА ХАДГАЛАМЖ 19,8 ИХ НАЯД ТӨГРӨГ

13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 19,8 их наяд төгрөг байна. Үүнээс 67,7 хувийг  ТОМ-3 банк, 25,3 хувийг  ДУНД-3 банк, долоон  хувийг  жижиг банкууд эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банк 21 хувиар, ДУНД-3 банк 35 хувиар, жижиг банкууд 35 хувиар тус бүр харилцах ба хадгаламжийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл харилцах болон хадгаламжийн хэмжээ 25 хувиар өсчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 1,85 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА

13 банкны нийт зээл 16,5 их наяд төгрөг байна. Үүнээс 64,9 хувийг ТОМ-3 банк, 27,2  хувийг  ДУНД-3 банк, 7,9 хувийг жижиг банкууд бүрдүүлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банк 20,7 хувиар, ДУНД-3 банк 28,1 хувиар, жижиг банкууд 52,2  хувиар тус тус зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд 24,7 хувь өсчээ. Нэгдүгээр  улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,85 их наяд төгрөг буюу нийт зээлийн 11,4 хувийг эзэлж байна.Сануулахад, 2018 оны дөрөвдүгээр улирлын тоймд нийт зээлийн 10.4 хувь чанаргүй байна гэж тусгасан байсан. Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээний улирлын өөрчлөлт нэг хувиар хэмжигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top