Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.

Тоглолтын тэнцээний гоолыг Португалын шигшээ багийн ахлагч, 40 настай Криштиано Роналдо Дос Сантос Авэйро оруулсан. Тэрбээр хоёрдугаар үеийн төгсгөлд гэмтлийн зовиур нь улам хүндэрсэн тул суухаас аргагүйд хүрсэн юм.
 


Тоглолтын дараагаар Роналдо “Би их баяртай байна. Энэ үеийн залуус маань ингэж аварга болох гавъяатай, авъяастай болохоор нэн тэргүүнд их баярлалаа. Шигшээ багтайгаа түрүүлнэ гэдэг онцгой мэдрэмж. Олон цом өргөсөн ч гэлээ Португалын шигшээтэйгээ ялалтад хүрэх шиг сайхан юм үгүй. Нулимс унагасан минь эх орныхоо ачийг хариулж, ард түмнийхээ их хайрын их өрийг бага ч гэсэн дарав гэж баярласных. Үнэхээр сайхан байна.
 


Бид бол нэг үндэстэн. Тийм ээ, бид жижигхэн улс. Гэвч маш том амбицтай шүү. Би олон улсын олон клубт тоглож үзлээ. Гэхдээ Португал гэхээр аяндаа огшоод ирдэг юм. Энэ үеийн залуусыг ахлаж тоглоно гэдэг бахархал юм. Цом өргөнө гэдэг шигшээ багийн оргил амжилт. Би ирээдүйн талаар нэг их бодоогүй байна. Зөвхөн ойрын төлөвлөгөө л байгаа” гэжээ.
 


Түүнээс гэмтсэн тухай нь асуухад “Бие халаалтын үеэр гэмтчихсэн юм. Зовиур мэдрэгдэж байсан ч гэлээ шигшээ багийнхаа төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодоод л гарлаа. Яагаад гэвэл би энэ тоглолтод заавал гарах ёстой байсан. Бүх хүчээ ч шавхлаа. Гоолоороо нэмэр ч боллоо. Эх орныхоо төлөө хүн чадахгүй байсан ч хүчилж босдог байх ёстой” хэмээн өгүүлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu