Хүүхдийн баярын өмнөх ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ шийдвэрүүд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа-

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүх­дийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл, хэрэг нэмэгдэж, нийгмийг цочроож буй энэ цаг үед чухал шийдэл юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногт тохионо. Хүүхдийн эрх, хүүхдийн баяр руу анхаарал чиглэгддэг энэ өдрийн өмнө буюу энэ долоо хоногийн эхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж (2019.05.21), Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгснийг онцолж байна.

ХҮҮХДИЙН ГЭСЭН НЭР, ХАЯГТАЙ БҮХНИЙГ БУЛААЛГАХГҮЙ

Зөвлөлийн хурлаар хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндсөн нь цаг үеийн чухал асуудал байсан юм. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан бол одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байгаа ажээ. Тиймээс хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэхийг сануулаад, “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгасан. Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байдаг бөгөөд Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу одоо эдгээр хүүхдүүд бүгд мөнгөн тэтгэмж авах нөхцөл бүрдэж байгаа юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ДЭД БҮТЭЦ БИЙ БОЛГОНО

Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэг­жүүлэхээр боллоо. Мөн сур­гууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох чиглэлд анхаарна гэсэн бодлогыг Засгийн газар барих нь ээ. Хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй хэд хэдэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Үүн дунд Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохи­рогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах зэрэг асуудал багтжээ.

Мөн аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх, хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болгоод байна.

АСАРГААТАЙ ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ НЭМНЭ

Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийн тэмтгэмжийг нэмэгдүүлнэ. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрам­жилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгахаар боллоо.

АЙМАГ БҮРТ ХҮҮХДИЙН ОРДОН БАЙГУУЛНА

Хүүхдийн ордонгүй аймгуу­дад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах чиглэлийг Хүүхдийн төлөө үндэсний зөв­лөлийн тэргүүн У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгөөд байна. Мөн сургууль бүрт хүүх­дийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээр болов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.82) 2019 оны 05 сарын 25

Уучлаарай. Би нэг хүнийг их гайхдаг юмаа. Монголд байдаг онцгой чадвартан ч юмуу? Тэр Найрамдал зуслангийн орлогч захиралаар бараг насаараа ажиллаж байгаа.Тэгээд болоогүй ээ драмын театрын бас орлогч ч гэнэ үү нэг дарга хийн. СУИС-д хичээл заах байтугай анги даасан багш хийдэг юм байна. Тэгээд ч дуусаагүй өдөр бүр шахуу энд тэнд нэг их нялуун хоолой гаргаад л хөтөлж байгаа харгдана. Бас кино минонд ямар нэг дүр авчихсан явж л байдаг. Энэ ийм тасарсан авъяас чадвартай юмуу? эсвэл өөрөө тийм дуртай нөхөр үү? Тийм олон газарт энэ хүний орон зай дутагдаад өөр хэн ч хийж чаддаггүй юмуу? э

0  |  0
Top