Асанояма Рэйва эриний анхны башёд “Трамп цом” хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн өчигдөр /2019.05.26/ Токио хотноо өндөрлөлөө.

Рэйва эриний анхны башё, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шагнал гардуулна гэх зэрэг хэд хэдэн онцлогтой башё хэний ч төсөөлж байгаагүй үр дүнтэй дууссан. Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо гэмтлийн улмаас зодоглоогүй бол шинэ озэки Такакэйшёо бэртээд тэмцээний голоос гарсан. Рэйва эриний эхний башёд түрүүлэх хүсэлтэйгээ хэлж байсан хоёр бөх байхгүй болж, ёкозүна Какүрюү хамгийн түрүүлэх боломжтой бөхөд тооцогдож байлаа. Гэвч засуул шүүгч нарын алдаатай шийдвэр Зуны тэмцээнийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Тэмцээний 13 дахь өдөр маэгашира Асанояма сэкивакэ Точиношин нарын барилдааныг шүүгч нар бүтэн зургаан минут дэнсэлсний эцэст Асаноямад ялалт өгсөн. Энэ шүүлтийн дараа Сүмогийн холбоонд маш олон хүн эсэргүүцэл үзүүлэн утасдаж, буруу шийдвэр гаргасан гэж заргалдсан байна. Точиношин ч нулимс унагаан, “Миний хөл гараагүй” гэж хэлж байсан билээ. Нэмээд ганцхан давбал озэки цолоо эргүүлэн авах байсан Точиношин маргааш нь ёкозүна Какүрюүтэй барилдахдаа мөргөлдөлгүй, золгоон дээр зайлснаар өмнө нь озэки Гоэйдог даваад байсан Асанояма түрүүллээ. Хэрэв урд өдөр нь Точиношин Асаноямаг давчихсан байсан бол энэ өдөр зайлахгүй байсан нь тодорхой билээ. Какүрюү түүхэн башёд түрүүлэх боломжоо алдсан.
 


Ийнхүү маэгаширагийн найм дахь бөх, Такасаго дэвжээний Асанояма Рэйва эриний анхны башёд түрүүллээ. Комүсүби, сэкивакэ болж үзээгүй бөх башёд түрүүлж байгаа нь 1961 оны Саданоямагаас хойш анх удаа буюу 58 жилийн дараа тохиолдлоо. Дээд зиндаанд дэвшин 11 башё барилдаад түрүүлсэн нь түүхэнд наймд бичигдэх амжилт болж байна.

Ахлах сургууль, их сургуульдаа сонирхогчдын сүмо барилдаж, 2016 онд Такасаго дэвжээнд элссэн 25 настай Асанояма тус дэвжээний их аварга Асашёорюүгээс хойш төрсөн анхны түрүү бөх болж байгаа юм. Ишибаши нэрээр барилдаж байгаад 2017 онд жюүрёод дэвшихдээ нэрээ Асанояма болгон өөрчилсөн. Харин энэ удаад озэки цолтой байсан багшийнхаа Асашио хэмээх шикона нэрийг өвлөн авах магадлалтай байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш таван бөх анх удаа башёд түрүүлсэн нь сүмогийн ертөнцөд үе солигдож байгааг харуулсан үйл явдал боллоо. Рэйва хэмээх шинэ эринд шинэ баатар мэргэжлийн сүмод төрөн гарлаа.
 


Асанояма “Рэйвагийн анхны башёд түрүүлсэндээ баяртай байна. Маэгашира цолтон түрүүлэх маш хэцүү. Дээр минь дахиад цол байна. Сэтгэл ханалгүй улам хичээх болно. Энэ түрүүгээ би ахлах сургуулийнхаа багш, дасгалжуулагч Үраяма Хидэкид зориулж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Үраяма Хидэки өнгөрсөн жил 40 настайдаа нас барсан бөгөөд Асанояма энэ башёд багшийнхаа нэртэй гоёлын маваши өмсөж, багшийнхаа амьсгал хураахаасаа өмнө бичсэн сүүлийн захиаг байнга уншиж байжээ. Багшийнх нь захианд “Чи бол миний бахархал шүү. Ёкозүна болж чадна. Тояма мужийн супер од болоорой” гэж бичсэн байлаа. Тояма мужийн бөх башёд  хамгийн сүүлд түрүүлсэн нь 130 жилийн өмнө 1916 онд болж байжээ.

Энэ өдрүүдэд Японд айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зуны тэмцээний сүүлийн өдөр сүмо үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр Сүмогийн холбоо хэдэн өдөр тун завгүй ажилласан байна. Дохёны ойролцоо үзнэ гэсэн тул түүнд суудал гаргаж өгөх, мөн Тэргүүн хатагтай дохёнд гараад ирж мэдэх учир эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэдгийг тайлбарлах гээд ажил их байлаа. Америкийн тусгай албаныхан Кокүгикан ордонд ирж, шалгалт хийж, хогийн сав, ундааны автомат төхөөрөмж зэрэг тэсрэх бөмбөг тавьж болох бүх зүйлийг хааж, хураасан байна. Мөн Сүмо бөхийн холбооноос ёкозүна унасан тохиолдолд суудлын дэрийг шидэж болохгүй гэдгийг анхааруулсан бичиг ордонд ирсэн үзэгчдэд тараажээ. Зөрчсөн тохиолдолд ордноос гаргах, торгох, баривчлах болно гэж анхааруулжээ. Хаалган дээр ачаа барааны үзлэг хийж, цэвэр ус, ундаа авч орохыг хориглосон байна.  
 


Трампын гардуулах цом нь “АНУ-ын Ерөнхийлөгчийн цом” нэртэй бөгөөд 137 см өндөр, 30 кг хүнд жинтэй, дээрээ Америкийн бэлгэ тэмдэг болсон бүргэдтэй цом юм. 107 см өндөр, 29 кг жинтэй Эзэн хааны цомоос том цом америкчууд бэлтгэжээ. Жил бүрийн Зуны тэмцээнд “АНУ-ын Ерөнхийлөгчийн цом” гардуулж байхаар болжээ.

Бөхийн ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарыг гэргийн хамт орж ирэхэд үзэгчид халуун дотно угтан авлаа. Бөхийн барилдааныг түр зогсоож, Төрийн тэргүүд тусгай зассан суудал дээр тухлан сууж, сүүлийн таван барилдааныг үзсэн. Уламжлалт суудлыг салган, сандал болгон засаж янзлахад Сүмо бөхийн холбооноос нэг сая иэн зарцуулсан байна. Мөн суудлын ойролцоо тасалбар худалдан авсан үзэгчдийг бүртгэн, шалгажээ. Эзэн хааны цом, Ерөнхий сайдын цомын дараа “АНУ-ын Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулсан. Хүндэт зочиндоо зориулан, дохёнд гарах шат хүртэл хийсэн байлаа. “Доналд Трампын цом” ийнхүү эзэндээ очлоо.
 


ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БӨХЧҮҮД

Макүүчи – маэгашира Асанояма, Такасаго дэвжээ

Жюүрёо – Такагэнжи, Чиганоүра дэвжээ

Макүшита – Таканофүжи, Чиганоүра дэвжээ

Санданмэ – Шираиши, Таманой дэвжээ

Жонидан – Точикамияма, Касүгано дэвжээ

Жонокүчи – Кавабүчи, Шикорояма дэвжээ
 

Зуны тэмцээний тусгай шагнал

Гарамгай барилдааны шагнал – Асанояма

Дайчин барилдааны шагнал –  Асанояма, Шиманоүми, Аби

Уран барилдааны шагнал – Рюүдэн

Монгол бөхчүүд

Макүүчи

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал гэмтэл

Ёкозүна Какүрюү М.Ананд 11-4

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-7-3

Маэгашира-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5

М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6

М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-10

Жюүрёо

Зүүний-3 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9

Б-4 Азүмарюү С.Тодбилэг 8-7

З-9 Миторюү Б.Төрболд 7-8

Б-11 Кирибаяма Б.Лхагвасүрэн 8-7

З-12 Араваши Э.Дөлгөөн 8-7

Б-14 Сэйро А.Өнөболд 7-8

Макүшита

Б-4 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3

Б-16 Сакигакэ Я.Баттүшиг 3-4

Б-20 Гоочёозан Д.Ууганбаатар 3-4

З-33 Кёкүсоотэн Э.Энхманлай 5-2

З-40 Кагамио Б.Нанжид 3-2-2

Санданмэ

Б-9 Ёошёояма Б.Анхбаяр 4-3

З-22 Роога А.Амарсанаа 5-2

Б-35 Саданохикари Д.Наранцогт 4-3

З-49 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1

Жонидан

Б-31 Дайтэнма Н.Чинзориг 5-2

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(122.201.24.40) 2019 оны 05 сарын 27

Юунд нь харамсахав дээ. БУЗАР ГАРТ АЛУУЧИН АМЕРКААС ШАГНАЛ ГАРДААД ХЭРЭГГҮЙ

0  |  0
хөнхөр(112.72.11.104) 2019 оны 05 сарын 27

энэ нийтлэлийг бичсэн үржинбадам гэдэг сэтгүүлч ганц бие бололтой Хөөрхий нүцгэн шалдан эрчүүдийн талаар пост тавьж ирээд л сүрхий бичиж, шохоорхол сонирхол ганцаардал хэцүү юм дөө.

0  |  0
Zsssss!(98.113.248.233) 2019 оны 05 сарын 27

Ugaasaa bidend yamar hamaa bna aa!!! Zasssss

0  |  0
Zsssss!(98.113.248.233) 2019 оны 05 сарын 27

Ugaasaa bidend yamar hamaa bna aa!!! Zasssss

0  |  0
xaxa(66.181.161.11) 2019 оны 05 сарын 27

novshiin samuurai

0  |  0
Top